Инстаграм өсвөр настнуудын нийгмийн сүлжээг хэрэглэх дүрмээ өөрчилж байна. Цахим орчинд хүүхдүүдийг хамгаалах зорилгоор тус компани өсвөр настнуудын үзэх постуудад шинэ хязгаарлалтуудыг тавьж байгаа бөгөөд зөвхөн эцэг эхчүүд эдгээр хязгаарлалтуудыг цуцлах эрхтэй гэнэ. Өсвөр настнуудад зориулсан шинэ үйлчилгээ Их Британи, АНУ, Канад, Австралид өнгөрсөн мягмар гарагаас нэвтэрч эхэлжээ. ЕХ-ны орнуудад энэ ондоо багтан, бусад орнуудад ирэх оноос эхлэн нэвтэрнэ. Өсвөр настнуудын аккаунтыг 16-аас доош насны бүртгэлтэй хэрэглэгчид автоматаар авах ба 18 хүртэлх насны шинэ хэрэглэгчид мөн ийм аккаунттай болох юм. 16 нас хүрээгүй хэрэглэгчдийн эцэг эхийн зөвшөөрөлгүй дээрх хязгаарлалтуудыг цуцлах боломжгүй юм. Харин 13 хүрээгүй хүүхдүүдэд Инстаграмд аккаунт нээхийг хориглодог.
Шинэ өөрчлөлтүүд
18 хүрээгүй залуу хэрэглэгчдийн насанд хүрэгсдэд зориулсан контент үзэхийг автоматаар хязгаарлаж байна. Өсвөр настнуудын аккаунтын нууцлалын тохиргоо хаалттай болох гэнэ. Өөрөөр хэлбэл залуу хэрэглэгчдийн постуудыг зөвхөн дагагчид нь харах боломжтой бөгөөд дагагчийн хүсэлтийг өөрсдөө хүлээн авах ёстой. Шөнийн цагаар push notification автоматаар унтрахаас гадна нийгмийн сүлжээнд нэг цаг байсны дараа завсарлах зөвлөмж автоматаар очно. Үүнээс гадна алгоритм бүдүүлэг гэж үзсэн үг, хэллэгийг коммент хэсгээс автоматаар устгах гэнэ. 16-18 насныхан эдгээр хязгаарлалтуудыг өөрсдөө цуцлах боломжтой бол түүнээс доош насныхны хувьд зөвхөн эцэг эх ийм л эрхтэй. Харин хүүхдүүдийнхээ аккаунтыг хянах эрх авсан эцэг эхчүүд хүүхдүүд нь хэнтэй харилцаж байгааг харах боломжтой ч чатыг нь унших боломжгүй. Инстаграм хэрэглэгчдийнхээ насыг батжуулах хэд хэдэн хэрэгслийг ашигладаг байна. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн Инстаграм хиймэл оюун ухааны тусламжтай хэрэглэгчдийн насыг тодорхойлох технологийг үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )