ТУНАМАЛ ДҮР, ТУНГАЛАГ ХООЛОЙ
Зүс шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ. Д.Нацагдорж
Төв театрын хүнд хүрэн хамбан хөшиг алгуур буухад алга ташин суудлаасаа боссон үзэгчид ховсдуулсан мэт нэг хэсэгтээ л тэр чигтээ хөшжээ. Тоглолт өндөрлөснийг зарласан атал тэд юунд ийнхүү хаалга чиглэж өлгүүр тийш яарсангүй вэ?
Саяны дуулдаг....тэр сайхан бүсгүй. Дуулсан дуу нь монгол ардын атал ялимгүй гадаад аястай гэмээр. Гэвч урсах аялгуу тун яруухан, хоолойноос гарах хөг тэгш, тунгалаг. Зүс царай, дүр төрх тунамал. Төгөлдөр хуур хөнгөхөн тохойлдож цомцойн зогсох цагаан даашинзтай эрхэмсэг бүсгүйн янз байдал дэгжин. Театрын тайзны гэрэл хөгжимчин дээр тусах атал дуучин бүсгүйн царай бүрэнхийн дундаас туяарч үзэгдэх нь юу билээ. Эгээ л “Гэр нэвт гэгээтэй, Туурга нэвт туяатай, Наашаа хараад хэвтэхэд наад голын айлууд үүр цайв хэмээн үнс тоосоо гөвж, үнээ малдаа гардаг, Цаашаа харж хэвтэхэд цаад голын айлууд үүр цайв хэмээн үнс тоосоо гөвж, үнээ малдаа гардаг” гэж эртний баатарлаг туульст хүүрнэдэг үзэсгэлэнт хатадтай зүйрлэмээр харанхуйн дундаас гэрэлтэх тунгалаг дүртэй бүсгүйг үзэгчид харсандаа тийнхүү ховсдуулсан мэт тарахаа ч умартан зогсдог байсан биз ээ. Чухам л их зохиолч Д.Нацагдоржийн бичсэнчлэн “Зүс шинэ сарны адил хурц тунгалаг гэрэлтэнэ” гэдэг энэ.
“Нуруу нь алаг шаазгай”, “Гандийн мод”, “Эхийн ач”, “Цэвэр охин” гээд олны сэтгэлийг бөмбөлзтөл аялаж байсны нэгээхэн гэрч “Манай аялгуу” хэмээх 1957 оны кинонд мөнхрөн үлдэж дээ. Ай, сайхан Цооцоо.
Цооцоогийн дуулсан өдрийн тоглолтын тасалбар “Хүүе” гэхийн завдалгүй дуусах. Өндөр үүдээ нээгээд удаагүй Дуурийн театрын кассын хаалга тэр л өдөр дараалалд илүү дараастай. “Маргаашийн “Учиртай гурав”-ын Нансалмаад Л.Цогзолмаа дуулах юм гэв үү. Тасалбар мэдэж байгаарай, дуусчихна шүү. Хөгжимчин байсан гэв үү, циркэд? Сагсафон үлээдэг байсан юм гэнэ лээ. Аан, чи хэзээний Хүрээний хүн болохоор эртнээс сайн мэддэг байх нь л дээ”. Сүхийн талбай, Дуурийн театрын хавиар Цооцоогийн тоглосон жүжиг, оролцсон концерт дөхөх бүрд ийм нэг яриа үргэлжилдэг байсан гэх.
ХАСЫН ЦАРАЙТ ОХИН
Цуурай тунгалаг дуутай, цовоо цойлгон зантай, гэрэлт цагаан царайтай, гэгээн саруул оюунтай. Ц.Дамдинсүрэн
Нэгэн зууны өмнө. Хөх модон хулгана жил. 1924 оны зуны эхэн. Хувьт хүн хулгана жилийг үзнэ гэгчээр өнөөгийн Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг Улаанхаданд хасын царайт нэгэн охин эхээс мэндлэв. Төрсөн эцэг нь аян жинд явсан уу, алдуул малын эрэлд гарсан уу, эзгүй хойгуур ядруухан биетэй ээж нь охиноо төрүүлж, эх барьж авсан Лувсанжамцаас үрчлэн авч өсгөхийг гуйжээ. Хоёрын хоёр балчир хүүтэй тэнхээ тааруу бүсгүйд дахин нэг нялхыг өсгөх тамир ч байсангүй, төдий л удалгүй бурхны хутгийг олов.
Өргөж авсан аав Лувсанжамц Төв аймгийн Сэргэлэн сумынх. Өмнө үрчилж авсан Маамаа охиндоо хань болгон Цогзолмааг өсгөхдөө хожмын Х.Чойбалсангийн шагнал буюуТөрийн шагналт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, ХХ зууны манлай сайхан эмэгтэйг гар дээрээ авч хүн хийж буйгаа хэрхэн төсөөлөх билээ. Нэгэн үндэстний дотор олон үеэрээ буян хийсэн удамд тунамал гоо зүстэй үр бүтэн зуунд ганц төрдөг гэсэн нь аргагүй Цооцоо байжээ. Хав харанхуйг нэвтлэх мэт гэрэлтэх тийм л тунгалаг царайг” хасын” хэмээн эртний судруудад тодотгосон нь бий.
Нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн бичсэнчлэн хожмын “Цуурай тунгалаг дуутай, цовоо цойлгон зантай, гэрэлт цагаан царайтай, гэгээн саруул оюунтай” охины амьдралын эхлэл энэ байлаа. Лувсанжамц гуай номтой сүрхий хүн байсан болохоор охиддоо балчир гэлтгүй олон юм зааж сургасан ч гэдэг.
Л.Цогзолмааг зургаахан настайд өргөж авсан аавынх нь унаж явсан морь үлийд бүдэрч, лагс биерхүү Лувсанжамц гуай хүнд гэмтэн таалал төгсчээ. Араас нь шахам өргөсөн ээж Долгоржав нь өөд болж, арван хэдхэнтэй Маамаа охин дүү Л.Цогзолмаатайгаа өнчрөн хоцорч хэцүүхэн он жилүүдийг үүрэн гарчээ. Эгч дүүс нийслэл хотод ирж, Маамаа бүсгүй 20 шүргэх насандаа Намсрай гэх цэргийн даргатай ханилсан нь Цооцоогийн урлагийн хүн болох замын үүд болсон гэлтэй. Намсрай Москвад Цэргийн академид сурахаар явахдаа гэргий, Цооцоо хоёроо дагуулан явж, Л.Цогзолмаа охин хоёр ч жил орос сургуульд сурч хэлтэй устай, боловсон газрын соёлын зах зухаас үзэж харж балчирхан насандаа хэрээрээ л юм үзэж, нүд тайлаад ирэх нь тэр.
Цэрэг алхаагаар алхаж, орос дуу эвлэгхэн дуулчихдаг, урлагт дурлах янзтайг нь анзаарсан хүргэн ах нь Чойжин ламын сүмийн урдхан байх хоёр давхар байшинд нэгэнтээ хүргэж өгсөн нь Залуучуудын соёлын төв гэгч байсан агаад нийслэл хотын мэдлэг боловсролтой, Герман, Францад сурч байгаад татагдан ирсэн өрнийн соёлтой залуусын нийлж чуулдаг газар байв. Энд Цооцоо охин солгой Баяр багшаараа заалган шанз, мандолин хөгжим тоглож сурч, Гунгаа багшаар жүжиглэх урлагийн эхийг тавиулжээ. Ингэсээр 1940 он гарав. Монголчууд цирктэй болов. Урлагийн авьяастай хүүхэд залуусыг тэнд цуглуулахад Л.Цогзолмаа тэдний нэг болж Жазз хөгжмийн бүлэгт хуваарилагдан саксафон хөгжим үлээдэг боллоо. Хоёр жил орчим болоод байтал Зөвлөлт Холбоот Улсад айлчлан тоглох жүжигчдийн бүрэлдэхүүнд орж, яваад иртэл хайртай Маамаа эгч нь уушгины өвчнөөр 32-хон насандаа тэнгэрт хальсан байжээ. Цор ганцаараа үлдсэн Цооцоо урлагийн олноо түшиж хүний зэрэгт хүрсэн гэдэг юм.
ГҮРСОРОНЗОНГОМБЫН 33 ДУГААР ҮЕИЙН ГҮНЖ
Солонгуа охин төрсөн нь сар мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэн, солонго мэт өнгөтэй, хас адил ариун. Инжинаш
1944 он болов. Дэлхийн хоёрдугаар дайны гал дүрэлзэж байсан цаг. Ард түмнийг баатарлаг үйлсэд дуудан урам зориг нэмэх жүжиг, кино олныг хийх нь нэн хэрэгтэй байлаа. Монголчууд эх оронч өвгөдөө дурсан Б.Ринчиний зохиолоор “Цогт тайж” кино хийх нөр их ажилд шамдав. Тэр киноны Төвөдийн гүнжийн дүрд тэр цагийн сайхан бүсгүйчүүдийн нэг, “Сүхбаатар” киноны Янжмаад тоглодог жүжигчин Эно гэх Ө.Рэнцэнноровыг сонгоод байсан ч яаралтай мэс засалд орохоор болжээ. Оронд нь циркийн хөөрхөн Цооцоо дээр оноолт буув. “Гүрсоронзонгомбын 33 дугаар үеийн гүнж, нэр нь Дулмаа” хэмээн өгүүлшгүй сайхан бүсгүйг үхэг тэрэгнээс буулган Арслан тайжийн зүрхийг амаар нь гаргах шахан ухаан санааг нь самууруулж урвахад хүргэдэг тэр л гоё дүр. Бас цэвэр ичимтгий монгол бүсгүйг тэр цагтаа хагас нүцгэлэн их зориг гаргуулан байж тоглуулсан тийм л сонин учрал. “Аягатай сархад бариад Арслан тайжид дөхөж очиход хамаг бие салганаад ухаан алдаж унах шахдаг байж билээ” хэмээн хожмоо Л.Цогзолмаа гуай дурссан байдаг. Насаар өөрөөс нь хамаагүй ахмад алдартай жүжигчинтэй тоглох гэж айж бэргэж явахад түүний гэрэвшээг гаргахаар Арслан тайж жүжигчин Цэрэндэндэв хамт хоол идэж, ярьж хөөрч, аргадаж, найруулагч, хамтран тоглогч хоёр нь нэлээд зовсон юм гэдэг. Дулмаа гүнжийн дүрийг харахад алдарт Инжинашийн “Солонгуа охин төрсөн нь сар мэт сайхан, цэцэг адил үзэсгэлэн, солонго мэт өнгөтэй, хас адил ариун” хэмээсэн нь өөрийн эрхгүй санаанд буудаг аа. Цэл залуухан 21 насандаа Цооцоо Гавьяат жүжигчин болж, 27-хонтойдоо Х.Чойбалсангийн нэрэмжит шагнал, өнөөгийнхөөр Төрийн шагнал хүртэв.
Дулмаа гүнжийн араас Б.Дамдинсүрэнгийн “Амарсанаа” хөгжимт драмын Гэрэлгоо, “Учиртай гурван толгой”-н Нансалмаа, “Жаргалын зам” дуурийн Халиун, “Евгений Онегин”-ы Татьяана гээд сайхан бүсгүйчүүдийн дүрийг Бөмбөгөр ногоон театр, Төв театрын тайзнаа тоглож, дэглэж явж дээ. Театр тийш хошуурах залуусын эрчүүд нь бол “Юндэн болж тоглоод энэ сайхан бүсгүйтэй харилцан дуулж, халуун гарыг нь атгахсан” хэмээн битүүхэн мөрөөдөж, бүсгүйчүүд нь “Цооцоо шиг донж төгөлдөр дэгжин явахсан” гэж үлгэр авдаг, тийм л байж. Дэлхийн залуучууд оюутны I-VI их наадамд оролцож, Москвад болсон VI их наадамд зориулсан концертыг найруулан гадаад орнуудад ч Монголынхоо нэрийг өргөж, монгол бүсгүйн гоо үзэсгэлэнгээр шагшуулж явлаа.
1950 он гэхэд өөрийн бие даасан тоглолтыг хийж, Төв театрын тасалбар түгээгүүрийн үүд салж унах дөхсөн гэхээр аргагүй л тэр цагийн од явсан юм, Цооцоо.
МАНЛАЙ ЯВСНЫ ЧИНЬ МАРТАХГҮЙ
Хааяа хааяа чамайг санадагаа нуухгүй
Халхын хүүхнүүдийн манлай явсныг чинь мартахгүй. Ш.Сүрэнжав
Д.Цогзолмаа гуай 1957-1961 онд МУИС-д оюутан болж, найруулагчийн ангид суралцан төгсчээ. Жүжигчин Ө.Рэнцэнноров /Эно/ тэд найзууд, нэг үеийнхэн. “Нас ч ахих нь. Мэргэжил, мэдлэгээ дээшлүүлье. Аль юм болгон тайзнаа жүжиглэж дуулах вэ. Юм гэдэг хугацаатай” гэлцэн оюутан болцгоож. Өнөө цагт бол юун нас ахих. Дөнгөж 33 настайдаа тайзнаас буухаар шийдэж. Ай, сайхан Цооцоогийн ид гяллазаж явсан үе. “Өнгөлөг гоё байгаа дээрээ тайзнаас буух нь зөв” гэсэн бас нэг тийм зарчим ч тэдэнд байсан юм гэнэ лээ.
МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байр. Хэлнийхэн, нийгмийн ухааныхан, урлаг соёлынхон, хуульчдыг бэлтгэдэг, хэзээнээсээ “Гангачууд” гэх алдартай, нийслэл хотын голдуу гоё ч охид, залуус сурдаг байсан тийм корпус. “Гангачууд” дээр Л.Цогзолмаа, Ө.Рэнцэнноров гээд театрын гоё бүсгүйчүүд, нэртэй жүжигчид нэмэгдэхээр улам л ганган болж, хоёрдугаар байрны алдар илүү түгнэ биз дээ. Тэр л үед мөн оюутан байсан яруу найрагч Ш.Сүрэнжав Цооцоод зориулж “Хааяа хааяа чамайг санадагаа нуухгүй, Халхын хүүхнүүдийн манлай явсныг чинь мартахгүй” хэмээн шүлэглэж, улмаар дуу болгосон байдаг. Аргагүй л сайхан Цооцоо хүрээ хүүхнүүдийн донж маяг, ааль араншинг шингээсэн манлай явсантай хэн ч маргахгүй нь үнэн юм хойно. Хүрээ хүүхэн, хотын бүсгүй гэдэг хаа холоос өмссөн зүүсэн, алхаа гишгээ, намба донжоороо ялгардаг байлаа. Ихэмсэг эрхэмсэг, төв харагдах атлаа их бага, дээр дорын ялгаагүй эелдэг харилцаатай, зарчимч нямбай тийм л эмэгтэйчүүд байсан даа. Өдөн цагаан малгай, сувдан даруулга, өнгөтэй торгон дээлээр гоёж, “Опель” дугуй жийн Хүрээний гудамж чимэх бүсгүйчүүд Цооцоогийн ид залуу үеийнхний нийтлэг гэхээр төрх. Улсын наадам долоо хоног болж Яармагийн дэнжийг доргиодог байхад “Морь биш дээ, долоон өдөр нэг өнгөтэй явахгүй шүү” хэмээн долоон өөр өнгийн дээлээр гоёж саран зүүнээс ойсон гэрэл энгэртээ наадуулж явсан нь тэр л үеийн гангачууд.
Сургуулиа төгсөж гараад л Цооцоо, Эно хоёр театрт мэргэжлээрээ уран сайхны удирдаач, найруулагч болжээ. 1961-1967 он юм. Ардын дуу бүжгийн чуулгад найруулагч болж хэвшиж тогтсон концертын хуучин хэлбэрийг өөрчлөн салхи оруулллаа. “Хангайн дуу”, “Говийн дуу”, “Алтайн дуу”, “Пионерийн зусланд” гэсэн төрөлжүүлж сэдэвчилсэн концертууд найруулсан нь олны таашаалд нийцэв. Төрийн хүндэтгэлийн олон концерт найруулж гадаад, дотоодын зочдоос талархал хүлээв. Найруулагч гэдэг нажидтай ажил, олон хүний арга эвийг олохоос өгсүүлээд ур дүй ихээхэн шаардана. Хүн аашилж чаддаггүй Цооцоо аргаа бараад ирэхээрээ өөрөө уйлчихдаг, тийм л уран сайхны удирдаач явж.
Хань Ц.Намсрай нь мөн л Цооцоогийн адил Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн сэтгүүлч эрхэм. Жүжигчин, сэтгүүлч хоёр гэрийн бараа харах биш. Аргагүй л түшигт сайн ханьтай, ханийнх нь эгч, таван хүүхдийг нь өсгөж өгсөн Ц.Өлзийсүрэн гэгч буянтантай тулдаа энэ бүхний ард гарч явж дээ.
Н.НОРОВБАНЗАД, Г.ТҮМЭНДЭМБЭРЭЛ НАРТ САНДАЛ БАРИУЛАН АЛХУУЛЖ...
Царайны өнгө арчсан толь мэт
Цав цагаан шүд яралзаж, өдийн хөмсөг зурайна
Харах нүдний хар цагаан нь хослон
Хас чулуунд шигтгэсэн лүн тэн мэт. Д.Нацагдорж
Уран сайхны удирдаачаар ажилласан жилүүдэд гэрийн бараа харалгүй урлагт зүтгэсээр ядаргаа гэгчид оржээ. Богино цагаар ажиллахаас аргагүй болж Соёлын яаманд мэргэжилтэн болов. Тэр нь ч оносон юм. Яагаад оносон гээч. Чухам тэрбээр Соёлын яаманд мэргэжилтэн байхдаа хот, хөдөөгийн ажилчин, малчин залуус дундаас ардын авьяастнуудыг олж тодруулж, тэднийг урлагийн хүн болгох гэж чармайн, олон ч удаа урлагийн үзлэг, наадмууд санаачлан зохион байгуулж, сайн дурын уран сайхныг хөгжүүлэхэд хүчин зүтгэл гаргажээ. Үйлдвэрийн цехээс, тариалангийн талбайгаас, мал сүргийн дэргэдээс “эрдэнэ” шүүрдэж, шижигнэсэн сайхан залуу дуучид, жүжигчид “илрүүлжээ”. Трактор комбайнч В.Оросоо, жолооч Н.Банзрагч, Завханаас П.Адарсүрэн нар тэр л үеэр “олдож” Ардын дуу, бүжгийн чуулгын тайзнаа мандсан билээ. Аж үйлдвэрийн комбинатын ажилчин байсан Г.Түмэндэмбэрэл, Дундговийн жаалхан шар бүсгүй Н.Норовбанзад нарыг театрын тайзнаа тэгш зөв явуулж сургах гэж сандал бариулан алхуулж байсан юм гэнэ лээ, Соёлын яамны Цооцоо.
“ЭРТНИЙ САЙХАН”-Ы ЦООЦОО
Цэцгийн хур орж
Таван өнгийн солонго татахад
Цэмцгэр цагаан гэрийн хажууд
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэй. Д.Нацагдорж
Нэгэн цагт “Бөмбөгөр ногоон” хэмээх Төв театрын тайзыг чимэж, соёлын үрийг тарьж явсан эрхмүүд хожим “Эртний сайхан” хэмээх уран сайхны чуулга байгуулсан юм.
Их Д.Нацагдоржийн шүлэгт гардагчлан
“Цэцгийн хур орж
Таван өнгийн солонго татахад
Цэмцгэр цагаан гэрийн хажууд
Жавхлант охин зогсох нь үзэсгэлэнтэй” хэмээн тэртээ цагт шагшигдаж явсан сайхан бүсгүйчүүд “Эртний сайхан”-ы тулгуур болж байв.
Соёлын гавьяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн санаачлагаар 1989 онд байгуулсан энэ чуулгын удирдаач нь мэдээж сайхан Цооцоо явлаа. Гишүүд нь эрдэмтэн зохиолч Э.Оюун, Хүрээний сайхан Банзай хэмээн алдаршиж явсан шанзчин С.Базаррагчаа, “Цогт тайж”-ийн Хулан буюу Долгорсүрэн, “Бөмбөгөр ногоон”-ы гаралтай Отелло Г.Гомбосүрэн, Лха.Долгор, С.Цэвэлмаа, П.Буян, С.Мядагбадам, Ц.Дашдулам, Г.Дулмаа зэрэг алтан үеийн алдар цуутнууд. Араас нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Л.Идэрбат, Д.Түвшинжаргал нар залган орж ирсэн. Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаа “Эртний сайхан” чуулгаа олон жил удирдан “Чингисийн дуулал”, “Бөмбөгөр ногооныхон”, “Домогт дууны концерт”, “Эх орноо магтан дуулъя” гээд олон сайхан тоглолтыг зохион байгуулж байлаа.
Л.Цогзолмаагийн хань Ц.Намсрай Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Цооцоо өөрөө Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, ууган охин Н.Сувд нь Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин. Ийм гэр бүл Монголдоо одоохондоо ганц. Охин Н.Шүр сэтгүүлч, хүү Н.Ганхуяг, Н.Ганчимэг, Н.Энхтүвшин нар урлагийн хүмүүс. Цооцоогийн хань Ц.Намсрай гэж шударга, зарчимч, шуналгүй, байгаа зүйлдээ дэндүү их талархалтай ханддаг хүн байсан гэдэг. “Хүнийг хүндэлнэ, хайрлана гэдгийг хамгийн сайн мэддэг хүн байж. Яаж тэр их ухаан, хайр хаанаас нь ундардаг юм гэмээр хайрыг бидэнд түгээдэг байсан. Бид хоёр биенээсээ суралцдаг байв. Түүний минь шударга, шуналгүй, намайг гэсэн чин сэтгэл нь миний зүрх сэтгэлд үүрд үлдэж. Энэ бүгд нь намайг хөглөж, өглөө босох шалтаг минь болж үлдээсэнд талархаад барахгүй” хэмээн Цооцоо ханиа дурссан байдаг.
Өнөөдөр Л.Цогзолмаа гуай зуун насыг наслаж, зургаадай таягаа тулж, үр, ач, зээ нартайгаа элэг бүтэн жаргаж явна. Тэрбээр Монголын ХХ зууныг гоо үзэсгэлэнгээрээ мялаасан зууны сайхан эмэгтэй, нэгэн зууны түүхийн амьд гэрч, манай шинэ цагийн урлагийн түүхийн толь, товчоон юм. Ай, сайхан Цооцоо. Улам урт наслаж, саруул сайхан амьдрахын гүн хүндэтгэлт ерөөлийг таньд айлтгая.
Сэтгэгдэл ( 8 )