Молдовагийн одоогийн Ерөнхийлөгч Майя Санду тус улсын төрийн тэргүүний сонгуульд 39,87%-ийн санал аваад байгаа бол ерөнхий прокурор асан Александр Стояногло 27,58%-ийн дэмжлэг хүлээж байна гэсэн урьдчилсан дүнг Сонгуулийн төв комисс саналын хуудасны 95%-ийг боловсруулсны дараа мэдээлсэн байна.
“Манай нам”-ын дарга Ренато Усатый 13,74%-ийн санал авч, гуравдугаар байрт жагсаж байгаа бол араас нь 5,72%-ийн саналтай Гагаузын удирдагч асан Ирина Влах, 4,76%-ийн саналтай прокурор асан Виктория Фуртунэ, 3,37%-ийн санал авсан ерөнхий сайд асан Василий Тарлев болон 2,19%-ийн саналтай мөн ерөнхий сайд асан Ион Кику нар оржээ. Сонгогчдын талаас илүү хувийн санал авсан нэр дэвшигчийг ялсан гэж хүлээн зөвшөөрөх юм. Нэр дэвшигчид сонгогчдын талаас илүү хувийн санал авч чадаагүй тохиолдолд эхний шатанд тэргүүлсэн хоёр нэр дэвшигч арван нэгдүгээр сарын 3-нд хоёрдугаар шатанд өрсөлдөнө. Ерөнхийлөгчийн сонгуультай зэрэг явуулсан Молдоваг Европын Холбоонд элсэхийг дэмжих эсэх тухай бүх ард түмний санал асуулгад оролцсон сонгогчдын 52,36% нь дэмжээгүй бол 47% нь дэмжсэн санал өгчээ. Саналын хуудасны 94%-ийг боловсруулсны дараа ийм урьдчилсан дүн гарсан байна.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )