Ганц бие хүмүүс сэтгэл гутралд илүүтэй өртдөг

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 07

 

Ганц бие эрчүүд болон нөхөргүй эмэгтэйчүүдийн архаг сэтгэл гутралд өртөх магадлал гэр бүлтэй хүмүүстэй харьцуулбал 80%-иар илүү байдаг ажээ.

Сэтгэл гутралд өртөх давтамжийн судалгааг дэлхийн 7 улсын 100 мянга гаруй оршин суугчийн дунд явуулсан хятад болон америк судлаачид ийм дүгнэлтэд хүрсэн байна. Макаогийн Политехникийн их сургуулийн доцент Ли Кэфэн тэргүүтэй америк, хятад хүн ам зүйчид болон эмч нар өөр өөр соёл, шашин, оюуны үнэт зүйлстэй томоохон долоон улсад цуглуулсан мэдээллийг шинжлэн судалжээ. Удаан хугацаанд хийх ажиглалтад оролцохыг зөвшөөрсөн АНУ, Мексик, Ирланд, Өмнөд Солонгос, Хятад болон Индонезийн 100 мянга гаруй оршин суугч энэ судалгаанд хамрагдсан байна.

“Ихэнх улсад ганц бие эрчүүд болон нөхөргүй эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх ихээхэн өндөр эрсдэлтэй байдгийг бидний хийсэн задлан шинжилгээ харуулж байна. Ялангуяа өрнөдийн орнуудын дээд боловсролтой эрчүүдэд ийм шинж их илэрч байв. Ингэхдээ сэтгэл гутрал даамжрахад архи, тамхины хэрэглээ хүчтэй нөлөөлдөг аж” гэж дээрх эрдэмтэд судалгааны үр дүнгийн тухай нийтлэлдээ тэмдэглэжээ. Ганц бие эрчүүд болон нөхөргүй эмэгтэйчүүдтэй харьцуулбал гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс архаг сэтгэл гутралын янз бүрийн шинж тэмдэгт өртөх нь дунджаар 80%-иар бага байдаг болохыг судалгаанд сайн дураар хамрагдсан хүмүүсийн дунд эрдэмтдийн хорин жилийн турш явуулсан санал асуулга болон ажиглалт харуулсан байна. Ингэхдээ ханиа алдах нь сэтгэл гутрал даамжрах эрсдэлийг 99%-иар нэмэгдүүлдэг бол гэр бүл салалт нь 64%-иар өсгөж байгааг эрдэмтэд илрүүлсэн байна.

ДЭМБ-ын статистик мэдээгээр, өнөөдөр дэлхийд 300 сая гаруй хүн сэтгэл гутралын эмгэгтэй байна. Мөн жил бүр 800 мянга орчим хүн сэтгэл гутралаар нас барж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.39) 2024 оны 11 сарын 07

Хөөх

0  |  0
Top