АТГ: Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 объектод нэгжлэг хийлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 12 сарын 03

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрөгч долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 71 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 50 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 896 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 16 хэргийг шүүхэд шилжүүлэх, 18 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 3 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 874 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 10 объектод нэгжлэг хийв гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top