Шүүхийн ерөнхий зөвлөл, Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлтэй санамж бичиг байгууллаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 19

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны хоёрдугаар сарын 17-20-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Р.Онончимэг, Н.Баасанжав, А.Насандэлгэр, Сургалт, судалгааны төвийн судлаач Б.Баатар нар багтжээ.

Шүүгч, прокурорын зөвлөлөөс Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хоёрдугаар танхимын тэргүүн ноён Мехмет Акиф Экинжи, нэгдүгээр танхимын тэргүүн ноён Халил Коч, Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Атила Өзмүрк, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч ноён Рамазан Акин, Доктор ноён Мүжган Каряагди болон шүүгчид, албаны төлөөлөл Шүүхийн ерөнхий зөвлөлийн айлчлалын бүрэлдэхүүнийг халуун дотноор  хүлээн авсан байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ноён Мехмет Акиф Экинжи, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг болон гишүүдэд Шүүгч прокурорын зөвлөлийн чиг үүрэг,  Хуульчдаас шүүгчийг  шилж олох, сонгон шалгаруулах, шүүгчийг  дэвшин ажиллуулахад анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, санал солилцжээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөлийн Ерөнхийлөгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ноён Мехмет Акиф Экинжи нар “Харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.

“Харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулснаар шүүхийн бие даасан, хараат бус байдал, шүүгчийн эрх мэдэл, чиг үүргийн гүйцэтгэлийн баталгаатай холбоотой ажил, үүргийг хэрэгжүүлэх замаар шударга, шуурхай, үр нөлөө бүхий шүүхийн тогтолцоог бий болгох үүднээс нягт хамтын ажиллагаа тогтоох болон хоёр тал хоорондын олон улсын байгууллагатай хамтран ажиллах замаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын бага хурал, уулзалт, симпозиум, семинар хамтран зохион байгуулах, харилцан тохиролцсон бусад хамтын ажиллагаа түүхэн харилцааг улам батжуулан гүнзгийрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Шүүгч, прокурорын зөвлөлтэй байгуулсан Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суух, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, хурандаа М.Болдбаатар нар байлцав.  Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр 2025 онд хоёр улсын дипломат харилцаа улам өргөжин тэлж, онцгой  ахиц дэвшил гаргана гэдгийг онцолсон байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Хууль зүйн академид зочилж, тус академийн Ерөнхийлөгч Бекир Алтунтай ажил хэргийн уулзалт хийнэ.

Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл болон Бүгд Найрамдах Турк Улсын Шүүгч, прокурорын зөвлөл хоорондын харилцаа нь 2013 онд харилцан айлчлал хийснээр эхлэл тавигдаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд 2016 онд Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Истанбулын Олон Улсын Эрх зүйн чуулга уулзалт”-д оролцон Шүүгч, прокурорын зөвлөлд айлчилсан түүхэн эхлэлтэй бөгөөд хоёр улсын шүүхийн захиргааны байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой айлчлал ийнхүү амжилттай үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu