.jpg)
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул хэмээх газраас илэрсэн хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө 2 гараараа тулан зогсож буй дүрслэлтэй хадны зургийг судлаачид бөхийн барилдааныг харуулсан дүрслэл хэмээн таамагласан байдаг.
Энэхүү хадны зураг нь он цагийн хувьд 7-11 мянган жилийн өмнө буюу Хүрэл зэвсгийн үед холбогдох бөгөөд энэ үеэс бөхийн барилдаан үүссэн хэмээн үзэж болох чухал баримт юм. Уран мэхийг уралдуулан, авхаалж самбаа, арга чадлаа сорин барилддаг үндэсний бөх нь үнэлж баршгүй соёлын өв, өнө мөнхөд өвлүүлэн үлдээх учиртай уламжлалт спортын нэг билээ.
Өдгөө Үндэсний их баяр наадмаар болон онцгой тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулдаг хүчит бөхийн барилдааныг 2011 оны 09 дүгээр сард үндэсний бөхийн тусгай арга хэмжээ болгон зохион байгуулж, 6016 бөх барилдсанаар “Хамгийн олон оролцогчтой барилдаан” хэмээн Гиннесийн номд бүртгүүлсэн түүхтэй.
Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа давсан хүчит таван бөхтэй танилцана уу.
- Дархан аварга Хорлоогийн Баянмөнх – Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нь төрийн наадамд 10 удаа түрүүлж, 250 удаа давжээ.
- Дархан аварга Жигжидийн Мөнхбат – Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат нь таван жил дараалан түрүүлж, 224 удаа давжээ.
- Дархан аварга Дарийн Дамдин – Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин нь улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн бөх бөгөөд 219 удаа давжээ.
- Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлж, 193 удаа давжээ.
- Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж – Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж нь улсын их баяр наадамд 173 удаа давжээ.
Сэтгэгдэл ( 0 )