Энэ жилийн наадмаар олны танил хүмүүс илүү дутуу чимэг зүүсгэлгүй, энгийн даруу хийцтэй, ихэвчлэн ард загвартай дээлээр гангарав. Торго материалынхаа чанарт үнэ нь шингээ биз. Түүнээс биш олны анхаарлыг илт татахуйц донж маяг үзүүлсэн нь одоохондоо үгүй л байна. Өгөөмөр бэр “дээдсийн хүрээ”-ний эхнэр хүүхдүүдэд сайн сургамж өгсөн бололтой.
Яах вэ, буурлын буян, энэ төрийн нүнжиг байлгүй л яах вэ. Гутал цүнх, хөөрөг чулуугаараа илтэд онгирон сагсуурч, олны анхаарал татан илүү дутуу авирласан нь үгүй. Нөгөө нэг олон давхар мөнгөн аяга, торгон раннертай наадмын ширээ засалт, мэдэх мэдэхгүй брэнд трэнд нь цөөн үзэгдэхээр цахим орчинд нүд хужирлах юм муутай, жаахан уйтгартай ч юм шиг. Нөгөөтэйгүүр, бүгд “нуувчиндаа оржээ” гэж хардахаар.
Ард түмэнтэйгээ амь нэг болсон уу гэвэл үгүй л дээ. Дархан эрхтэй 126 гишүүн, дарга сайдууд маань урд, хойдох эхнэр, хүүхдүүд, ээж ааваа дагуулан хүндэтгэлийн суудалд заларч байгаа. Тэдний машин тэргийг тавих хашаа савыг ч томсгон бэлдсэнд иргэд жаахан сэтгэл дундуур л байна.
Гишүүд нь төр, түмний наадмаа хүндэтгэлийн суудалдаа үздэг юм байгаа биз. Тэр эхнэр хүүхэд, ижий аав нь дагаж савсагнаад орчин цагийн “кастын систем”-ийг тунхаглах мэт авирт нь жаахан дургүй байна билээ. Хилийн чанадаас монгол туургатан ахан дүүс зургаадугаар сарын сүүлч, долоодугаар сарын эхээр таньдаг мэддэг хүмүүсээрээ дамжуулан наадмын нээлтийн тасалбар асууж сураглаад ч ихэнх нь олж авч чадаагүй юм байна. Тэд маань байтугай энд байгаа ард түмэн нэртэй монголчууд ч Төв цэнгэлдэхдээ тоотой хэдхэн удаа орсон нь харин үнэн.
Хийморио сэргээж, сэтгэлээ хуурсан шигээ гэр бүлээрээ цэнгэлдэх тойрон гороолж, дугуй хуушуураа иднэ. Энэ жилийн хувьд хуушуурын олдоц, амт чанар жаахан тааруу байна билээ. Үнэ ханшийн хувьд 3000-3500 төгрөг байсан. Хуушуураа идчихээд Хүй долоо руу явна. Ардын наадам ингэсхийгээд л болж байгаа юм. Харин тэр, одоогоор олон нийтэд тарсан мэдээллээр бол есөн тэрбумын үнэтэй наадмын нээлтийн тайз засалт нь хүртэл дарга сайд, сүүлдээ Японы эзэн хаанд л зориулагдаад байгаа юм даа...
Сэтгэгдэл ( 1 )
Эрхэм ноён/хатагтай,\n”Адитяпрадхан” эмнэлгийн бөөрний донор яаралтай шаардлагатай байгааг бид олон нийтэд мэдээлмээр байна. Бөөрөө өгөхдөө 100 хувь үнэнч, нухацтай ханддаг хүмүүс 780,000 ам.долларын нөхөн төлбөр авах боломжтой.\n\nСонирхсон хандивлагчдыг dr.pradhan.urologist.lt.col@gmail.com хаягаар бидэнтэй яаралтай холбоо барихыг зөвлөж байна.