Такаичи Ким Жон Унтай уулзахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 04

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай яриа хэлэлцээ хийж, 1970-аад оны үеэр БНАСАУ-ын тагнуулын албаныхны хулгайлсан Японы иргэдийн асуудлыг шийдэхэд бэлэн байна гэж Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Минорү Кихара мэдэгджээ.

Токио энэ талаар Пёньянд мэдэгдээд байгаа аж. Кихара тус хоёр улс дипломат шугамаар харилцаа холбоотой байдгийг онцолсон ч эл мэдэгдлээ ямар хэлбэрээр Умард Солонгосын талд дамжуулснаа тодруулаагүй байна.

Хулгайлагдсан иргэдийн асуудал нь тус хоёр улсын харилцаан дахь хамгийн эмзэг сэдвүүдийн нэг. 2002 онд Пёньян Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгээ анх удаа хүлээн зөвшөөрч, тавыг нь эх орон руу буцаасан билээ. Бусдыг нь нас барсан хэмээн зарлаж, төрөл төрөгсдөд нь шарилыг нь илгээсэн ч таних боломжгүй байжээ. 2014 оны тавдугаар сард тус хоёр улс Японы иргэдийг хулгайлсан хэргийг шинээр мөрдөн шалгах тохиролцоонд хүрсэн ч эл хэргийг эрхэлсэн комиссыг хожим нь Пёньяны санаачилгаар татан буулгасан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top