
Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй хамгийн ноцтой асуудлын нэг болох уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгоор дэлхийн хоёр зуугаад улс орон Парисын хэлэлцээрт нэгдэж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тодорхой зорилт, үүрэг хүлээн ажиллаж байна. Энэхүү хэлэлцээр нь гишүүн орон бүр өөрийн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (Nationally Determined Contribution – NDC)-ийг 5 жил тутамд тогтмол шинэчлэх үүрэг хүлээсэн билээ.
Монгол Улс анх 2019 онд 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22,7 хувиар бууруулах зорилт дэвшүүлж байсан бол, энэхүү зорилтоо үе шаттайгаар ахиулж, 2025 онд Парисын хэлэлцээрийн дагуу гурав дахь шинэчлэгдсэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ээ Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Нарийн бичгийн газарт хүргүүлсэн.
Энэхүү баримт бичгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ)-ны манлайлал дор Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Азийн хөгжлийн банк (ADB), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) зэрэг олон улсын түнш байгууллагуудтай хамтран боловсруулсан. NDC 3.0 нь Монгол Улсын 2025–2035 оны хооронд хэрэгжүүлэх хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болон дасан зохицох зорилтуудыг тодорхойлж, уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой хөгжлийн төлөөх манай улсын хамтын шийдвэр, амлалтыг баталгаажуулах чухал суурь бичиг баримт юм.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх нэгдсэн зорилт, арга хэмжээний хүрээнд Ойн салбарт дараах ажлууд хийгдэнэ.
Үүнд:
- “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж, байгалийн сэргэн ургалтыг дэмжих, ойжуулалт болон таримал ойг нэмэгдүүлэх замаар 2025 оны түвшинтэй харьцуулахад ойн бүрхэвчийг 2030 онд 9%, 2035 онд 9.1% болгох;
- Ойн түймрийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг сайжруулж, 2025 оны түвшинтэй харьцуулахад ойн түймрийн нөлөөлөлд өртсөн талбайн дундаж хэмжээг 2030 онд 30%, 2035 онд 90% хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байна.


Сэтгэгдэл ( 0 )