Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа батлан, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан түүхэн үйл явдлын 101 жилийн ойн хүрээнд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо зохион байгуулагдсан “Монголын өдөр” эдийн засгийн форумын нээлтэд оролцож, үг хэллээ.
“Монголын өдөр” эдийн засгийн форумд Монголбанк, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Улаанбаатар хотын захиргаа, Худалдаа, хөгжлийн банк болон Япон, Монголын Эдийн засгийн нөхөрлөлийн нийгэмлэг, Японы банк, санхүүгийн салбар, хувийн хэвшлийн төлөөлөл 100 гаруй хүн оролцсон юм.
Хүндэтгэлийн хүлээн авалтад Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын сайд Н.Сүзүки, Гадаад хэргийн дэд сайд К.Шимада, Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга А.Нагашима тэргүүтэй Монголд элэгтэй, Монгол, Японы найрсаг харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, найрамдал нөхөрлөлийг батжуулахад сэтгэл зүтгэлээ зориулан үнэтэй хувь нэмэр оруулж буй Японы үе үеийн улс төр, эдийн засаг, нийгэм, соёл урлаг, олон нийтийн зүтгэлтэн, орон нутгийн засаг захиргаа, Япон-Монголын найрамдлын нийгэмлэг, төрийн бус байгууллагын төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд асан, Монгол Улсын Өргөмжит консул, Соёлын элч нар болон Япон Улсад оршин суун ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл 500 гаруй хүн оролцлоо.



Сэтгэгдэл ( 0 )