Н.Номтойбаяр: Стандартыг шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, салбарын албан хаагчид болон аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлтэй уулзан санал солилцсон юм.

Тэрбээр стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд стандартын талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, шинэчлэн тогтоох ажлыг эрчимжүүлэх, улмаар холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулж байгааг онцоллоо.

Мөн авто зам, хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл зэрэг иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай шууд холбоотой салбаруудад тавих хяналт, шалгалтыг сайжруулж, стандартын шаардлагын хэрэгжилтийг хангах тогтолцоог бэхжүүлэхэд онцгой анхаарахыг дурдсан юм.

Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдийн стандартын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавих оролцоог дэмжсэн, хариуцлагатай тогтолцоог бүрдүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг тодотгов.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд иргэдэд стандартын борлуулалт, мэдээлэл, лавлагаа, эрдэнийн чулуу тодорхойлох, хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, лабораторийн үйл ажиллагааны танилцуулга зэрэг үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай хүргэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top