Минаматагийн конвенцын хүрээнд цаг уур, орчны шинжилгээний салбарт хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Моника Станкиевич, хөтөлбөрийн удирдлагын мэргэжилтэн, доктор Ричард Гутиеррез нартай уулзлаа.

Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод 2015 онд нэгдэн орсон ч санхүүгийн боломжоос шалтгаалан 120 орчим цаг уурын өртөө, харуулуудад 500 гаруй мөнгөн уст термометр ашиглагдаж байгааг дурдаад мөнгөн усны мониторинг, лабораторийн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, цаг уурын салбарт мөнгөн уст багажийн хэрэглээг бүрэн халахад хамтран ажиллахыг хүслээ.

Хатагтай Станкиевич Монгол Улсыг конвенцын хэрэгжилтийг бүрэн хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлээд, дээрх асуудлуудаар Даян дэлхийн байгаль орчны сан (GEF) болон Минаматагийн конвенцын Тусгай олон улсын хөтөлбөр (SIP)-т хандах боломжтойг дурдлаа.

Өмнө нь манай улс гар аргаар болон бичил уурхайн алт олборлолтод мөнгөн усны хэрэглээг халах, мөнгөн усгүй технологи нэвтрүүлэхтэй холбоотой PlanetGold төслийг хэрэгжүүлж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top