Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НИТХ-ын Ажлын алба болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төлөөлөл бүхий албан тушаалтнууд оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Ж.Буянбат улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх стратеги төлөвлөгөө боловсруулах, урьдчилан сэргийлэх ажлын тайлан, мэдээ, үр дүнг цахимжуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Монгол Улсад гарч буй гэмт хэргийн 70 хувь нь нийслэлд бүртгэгдэж байгаа учир Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл үүнд анхаарч ажиллаж байна. Ингэхдээ техник, технологийн дэвшлийг ашиглаж, нийслэлийг бүрэн камержуулах ажлыг эрчимжүүлж байна. Нийслэлд залилан, хулгай, хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаралтын тоог бууруулах чиглэлд салбар зөвлөлийн гишүүн байгууллагуудтай хамтарч тодорхой ажлуудад төлөвлөгөө гаргаж, зорилт тавьж ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уулзалтаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг, залилах гэмт хэрэг болон цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой арга, хэлбэрийг нэвтрүүлэхэд санал солилцож, хамтарч ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл ( 0 )