ОХУ, АНУ-г зэвсэглэлээр хөөцөлдөхөд юу ч тогтоохгүй боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр (2026.02.05) ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээний хугацаа дуусаж байна. Энэхүү баримт бичиг нь хамгийн том хоёр цөмийн зэвсгийн санг зохицуулж, олон улсын тогтвортой байдлыг хангаж байсан олон улсын чухал хэлэлцээрүүдийн нэг байв. Энэхүү гэрээний хугацаа дуссанаар өдгөө ОХУ, АНУ хоёрыг цөмийн зэвсэглэлээр хөөцөлдөхөд юу ч тогтоохгүй боллоо.

Стратегийн давшилтат зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг талууд 2010 онд байгуулж, 2021 онд таван жилээр сунгасан бөгөөд ийнхүү өнөөдөр хүчингүй болж байна. Эл гэрээ цөмийн зэвсэг тээвэрлэгчийн тоо хэмжээг 800, цөмийн цэнэгт хошууны тоог 1500-д барьж байсан юм.

Мөн тус гэрээ ёсоор талууд хэрэгжилтийг хангах зорилгоор тогтмол шалгалт явуулдаг байсан нь хоёр улсын цөмийн зэвсгийн салбарын харилцаанд тунгалаг байдал болон харилцан итгэлцлийг бүрдүүлэх боломжийг олгож байжээ. Тогтмол шалгалт явуулж, мэдээлэл солилцохоос гадна гэрээний дагуу хоёр талын зөвлөлдөх комисс ажиллаж, жилд хоёр удаа хуралддаг байжээ. Энэ бүхэн хоёр улсын харилцаанд эергээр нөлөөлж байжээ.

Гэрээний хугацаа дууссантай холбогдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш тус хоёр улсад хандан зэвсэглэлийг хянах шинэ системийг байгуулахад чиглэсэн яриа хэлэлцээг даруй сэргээхийг уриалсан байна. “Тус хоёр улсад хандан хэлэлцээний ширээний ард суун, хяналттай хязгаарлалтыг сэргээж, эрсдэлийг буруулах, бид бүхний аюулгүй байдлыг бэхжүүлэх дараагийн бүтцийг зөвшилцөхийг уриалж байна. Өдгөө дэлхий дахин ОХУ болон АНУ-аас үг хэлээс ажил хэрэг рүү шилжихийг хүлээж байна” гэж Гутерриш мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top