Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээ 2021 оны нэгдүгээр сарын 22-нд хүчин төгөлдөр болно гэж “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажил” дэлхийн иргэний нийгмийн холбооноос мэдээлжээ.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг дэлхийн 50 улс орон соёрхон баталсан байна. Хамгийн сүүлд гэрээг Гондурас улс соёрхон баталсан бол үүнээс нэг хоногийн өмнө Ямайк, Науру улс соёрхон баталжээ.
Цөмийн гэрээг хориглох тухай гэрээг батлахаас өмнө цөмийн зэвсэг нь хүмүүнлэгийн гамшигт үр дагавартай хэрнээ олон улсын эрх зүйн хүрээнд хориглоогүй цорын ганц үй олноор хөнөөх зэвсэг байсан юм.
“Энэ бол цөмийн зэвсэглэлийн салбар дахь шинэ хуудас. Олон арван жилийн идэвхтэй хүчин чармайлтын үрээр боломжгүй гэж үзэж байсан зүйлд хүрч чадлаа. Цөмийн зэвсгийг хориглож чадлаа”, гэж Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажлын гүйцэтгэх захирал Беатрис Фин мэдэгджээ.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг 2017 оны долоодугаар сарын 7-нд Нью Йорк хотноо НҮБ-ын 122 гишүүн орны дэмжлэгтэй баталсан билээ. Гэрээ байгуулах тухай хэлэлцээнд АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад зэрэг цөмийн зэвсэгт гүрнүүд оролцоогүй.
Гэрээний дагуу оролцогч улс орнууд хэзээ ч, ямар ч нөхцөл байдалд цөмийн зэвсгийг боловсруулах, турших, үйлдвэрлэх, хуримтлуулах, хэрэглэх, хэрэглэнэ гэж сүрдүүлэхгүй байх үүрэг хүлээж байна. Энэхүү гэрээнд нэгдсэн улс орнуудад өөрийн нутаг дэвсгэрт бусад улс орны цөмийн зэвсгийг байршуулахыг мөн хориглох заалт оруулжээ.
Цөмийн зэвсгийг хориглох олон улсын кампанит ажил нь дэлхийн 100 гаруй улсын төрийн бус байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн холбоо юм. 2017 онд тус байгууллага цөмийн зэвсгийг хэрэглэснээр хүмүүнлэгийн гамшигт үр дагаварт хүрэх асуудалд бүх нийтийн анхаарлыг хандуулж, цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг батлуулахын тулд гаргасан хүчин чармайлтынхаа төлөө Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж байсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )