Хойд Солонгос АНУ-тай хийж буй яриа хэлэлцээгээ зогсооно гэв

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 15

БНАСАУ-ын эрх баригчид цөмийн зэвсгээс ангижрах асуудлаар АНУ-тай хийх яриа хэлэлцээгээ зогсоох тухай шийдвэрийг хэлэлцэж байна гэж БНАСАУ-ын гадаад хэргийн орлогч сайд Цой Сон Хи Пёньянд болсон хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ. Тус хуралд БНАСАУ-д суугаа гаднын элчин сайдын яамдын төлөөлөл, гадаадын сэтгүүлчид уригдан оролцжээ.

 

“Бид АНУ-аас тавьсан аль ч хэлбэрийн шаардлагад буулт хийх, тэр тусмаа иймэрхүү төрлийн яриа хэлэлцээ явуулах бодол алга” гэж Цой Сон Хи онцлоод Ханойд болсон дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэний хариуцлагыг үр дүнд хүрэх чин хүсэл бус зөвхөн өөрийн улс төрийн эрх ашгийг бодсон АНУ-ын тал хүлээх ёстой гэжээ.

 

Хойд Солонгосын тал яриа хэлэлцээний эхэнд бодит саналуудыг дэвшүүлсэн бол Дональд Трамп тохиролцоонд хүрэхийн тулд уяан хатан арга зам эрэлхийлнэ хэмээн мэдэгдэж байжээ. Түүний хэлснээр, хэлэлцээний эхэнд Америкийн тал гарын үсэг зурахаар бэлтгэж байсан Ханойн хэлэлцээрт “БНАСАУ цөмийн хөтөлбөрөө сэргээсэн тохиолдолд хориг арга хэмжээ авна гэсэн нөхцөлтэйгөөр одоо үйлчилж буй хориг арга хэмжээг цуцлах боломжтой” гэсэн заалтыг тусгахыг санал болгосон байна.

 

Сүүлд өргөтгөсөн уулзалт дээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео, үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон нар дайсагнасан, үл итгэсэн уур амьсгалыг бий болгож, БНАСАУ, АНУ-ын дээд удирдлагуудад хэлэлцээ хийх бүтээлч хүчин чармайлтад саад болсон гэж Цой Сон Хи онцлон тэмдэглээд үүнээс болж дээд хэмжээний уулзалт ямар нэг тодорхой үр дүнгүй төгссөн гэжээ.

 

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ойрын үед Ханойн дээд хэмжээний уулзалтын дараа тус улсаас авах цаашдын арга хэмжээний талаар тухай албан ёсоор мэдэгдэл хийх гэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top