Ким Жон Ун залгамжлагчийнхаа талаар эцсийн шийдвэр гаргасан уу

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНСУ-ын тагнуулын алба /NIS/ БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охин Ким Жу Э-гээ залгамжлагчаа болгох шийдвэрээ батжуулж, түүний байр суурийг бэхжүүлэх алхам хийж байна гэж БНСУ-ын парламентын гишүүдэд танилцуулжээ.

Энэ талаар Өмнөдийн тагнуулын алба хоёр жилийн өмнө ярьж байсан ч тухайн үед залгамжлагчаа бэлдэх үе шатаас өдгөө томилох үе шат руу орсон гэж мэдээлжээ.

Ким Жу Э янз бүрийн арга хэмжээнд байлцаж, төрийн тодорхой асуудлаар үзэл бодлоо илэрхийлж байсан нь залгамжлагчаар томилогдох үе шатанд орсныг илтгэж байна гэж БНСУ-ын тагнуулын алба онцолсон байна.

NIS Ким Жу Э энэ сарын сүүлээр болох Солонгосын хөдөлмөрийн намын их хуралд оролцох эсэхийг ажиглаж байгаа бөгөөд хэрэв оролцох бол ямар статустай оролцохыг сонирхож байна.

 

 

Ким Жу Э нь Ким Жон Ун, эхнэр Ли Соль Жу-гийн албан ёсоор олонд танигдсан цорын ганц хүүхэд нь. Ким мөн ууган хүүтэй гэж NIS үзэж байгаа ч удирдагч ч тэр, Умардын хэвлэлүүд ч тэр энэ талаар дурсдаггүй.

Жу Э-гийн тухай дэлхий дахинд АНУ-ын алдарт сагсчин Деннис Родманы амаас мэдсэн. Тэрбээр 2013 онд БНАСАУ-д Кимийн урилгаар зочилсныхоо дараа Guardian хэвлэлд бяцхан Жу Э-г тэвэрч байсан тухай ярьсан юм.

Жу Э өдгөө 13 настай гэж үздэг. Тэрбээр анх 2022 онд эцгийнхээ хамтаар тив алгасагч баллистик пуужинг үзэж байгаа нь хэвлэлүүдээр гарч байв. Түүнээс хойш Жу Э үе үе олны өмнө гарах болсон бөгөөд өнгөрсөн оны есдүгээр сард эцгийнхээ хамтаар Бээжинд болсон цэргийн парадад оролцсон билээ. Сүүлийн үед Жу Э аливаа арга хэмжээнд оролцохдоо эцэг Ким Жон Уны ард бус харин хажууд нь зогсох болсныг Өмнөдийн тагнуулын алба мөн дурджээ.

 

 

Ким Жон Ун нь Кимийн угсааны гуравдах үеийн удирдагч бөгөөд Ким Жу Э нь дөрөвдөх үе болж магадгүй. ВВС агентлагийн сурвалжлагчийн онцолсноор, Жу Э-г ийн өргөж байгаа нь зарим асуултыг тавихад хүргэж байна. Нэгт, Умардын эцгийн эрх ёс ноёрхдог нийгэмд яагаад Ким Жон У ууган хүүгээ бус харин охиноо дэвшүүлж байна вэ? Гэсэн хэдий ч Ким Жон Уны дүү Ким Ё Жоны жишээнээс үзвэл эмэгтэй хүн өндөр албан тушаал хашиж боломжтойг харуулж байна.

Хоёрт, Ким Жон Ун албан бус мэдээллээр өдгөө 44 настай. Тэгвэл яагаад залуу бөгөөд эрүүл удирдагч 13 настай охиноо залгамжлагчаар дэвшүүлж байгаа нь ойлгомжгүй байна гэж ВВС онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top