Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд дахин сонгогдсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
СХН-ын IX их хурал зуун хувийн саналаар Ким Жон Уныг сонгосон байна. “Энэ нь эрин үеийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлж, агуу их үр дүнд хүрсэн таван жилийн тэмцлийн түүхийг үнэлсэн үнэлгээ юм. Ялгуусан ялалтын туг далбаа болсон Ким Жон Уны “ариун нэрд” БНАСАУ-ын ард түмний сонголт, хүсэл зориг туссан юм” гэж СХН-ын их хурлын тогтоолд онцолсон байна.
Их хурлыг нээж хэлсэн үгэндээ Ким Жон Ун эдийн засгийн зорилтуудад ач холбогдол өгчээ. Тэрбээр СХН-ын өмнө эдийн засгийн бүтээн байгуулалтыг түргэтгэх, хүн амын амьдралын түвшинг дээшлүүлэх, төрийн болон нийгмийн амьдралын бүхий л салбарыг шинэчлэх зэрэг түүхэн зорилтууд тавигдаж буйг дурдаад орон нутгийн хөгжлийн шинэ бодлого зэрэг урт хугацааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шаардлагыг чухалчилжээ.

Сэтгэгдэл ( 0 )