Хойд Солонгосын эсрэг тавьсан НҮБ-ын хориг арга хэмжээг цуцлах саналыг ОХУ, БНХАУ тавьж буй хэдий ч АНУ үүнийг эсэргүүцэж байна. Тиймээс ойрын үед хоригийг цуцлах боломж харагдахгүй байна гэж ОХУ-аас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч В.Небензя мэдэгджээ.
Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах тодорхой алхам хийж байгаа мөн тус улсын хүн амд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа тул Орос, Хятад улс хориг арга хэмжээг үе шаттай цуцлах санал гаргаад байна.
Хориг арга хэмжээг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгтэй тогтоол гаргаж байж цуцлах ёстой. Одоогийн байдлаар хориг арга хэмжээг цуцлахыг хэд хэдэн гишүүн улс эсэргүүцэж байгаа гэж Небензя онцолжээ.
НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг хөгжүүлсэнтэй холбогдуулан хориг арга хэмжээ авч байсан. Гэтэл 2017 онд Пёньян цөмийн зэвсгээс ангижрахад бэлэн гэдгээ мэдэгдэж, аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдолд Солонгосын хойгоос цөмийн зэвсгийг гаргана хэмээн илэрхийлсэн. Энэ асуудал АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтуудын үеэр яригдаж байсан. Сүүлийн үед Вашингтон Пёньянаас цөмийн зэвсгээс татгалзах тал дээр илүү шийдэмгий алхам хийхийг шаардаж байгаа бол Хойд Солонгосын зүгээс Вашингтон цөмийн зэвсгээс ангижрах чиглэлээр хийж буй алхмынх нь хариуд ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )