Хятадын зарим компани, иргэдийн эсрэг хориг нэвтрүүлжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 05 сарын 15

 

Баллистик пуужин бүтээх хөтөлбөрт шаардлагатай онцгой чухал материалууд үйлдвэрлэхэд нь Иранд тусалсан хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэж байгаа Хятадын долоон компани, дөрвөн иргэний эсрэг хориг нэвтрүүлсэн тухай АНУ-ын Сангийн яамнаас мэдээлжээ.

Түүнээс гадна хориг нэвтрүүлэх хар жагсаалтад Ираны гурван компани, нэг иргэнийг оруулсан байна. АНУ-ын Сангийн яамнаас бичгээр гаргасан мэдэгдэлд өгүүлснээр, хориг арга хэмжээнд өртөж байгаа этгээдүүд тив хоорондын баллистик пуужин үйлдвэрлэхэд шаардлагатай нүүрстөрөгчийн нарийн мяндас боловсруулахад нь Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпуст тусалж байгаа ажээ.

“АНУ тив хоорондын баллистик пуужин үйлдвэрлэх боломжийг Иранд олгохгүй. Ираны дэглэм тэргүүний баллистик пуужин бүтээхийг уйгагүй оролдож байгаа нь АНУ-ын аюулгүй байдал болон бүс нутгийн тогтвортой байдалд хүлээн зөвшөөрөхийн аргагүй аюул нүүрлүүлж байгаа юм” гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдэгдсэн байна. Дээрх хар жагсаалтад орно гэдэг нь хоригт өртсөн этгээдүүдийн АНУ дахь хөрөнгийг царцааж, тэдэнтэй бизнес эрхлэхийг Америкийн компаниуд болон иргэдэд хориглоно гэсэн үг ажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu