АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өчигдөр /2019.04.11/ Вашингтонд уулзах үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай сайн харилцаатай гээд түүнтэй дахин хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ.
Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр, талууд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн, баталгаатай ангижруулах, Солонгосын хойгт энх тайвныг тогтоох чиглэлээр хоёр улсын баримталж буй байр суурь болон Ханойн дээд хэмжээний уулзалтаас хойш яриа хэлэлцээг хэрхэн урагшлуулах талаар санал бодлоо солилцжээ. Хэдийгээр Хойд Солонгосын эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан ч цаашид хоригийг чангатгах бодолгүй байна гэж Дональд Трамп онцлоод шинээр авахаар төлөвлөж байсан арга хэмжээг зогсоосон гэж мэдэгджээ.
Талууд мөн БНАСАУ-тай холбоотой асуудлаар нягт хамтран ажиллах нь чухал болохыг нотолжээ. Тус хоёр улсын төрийн тэргүүн нар эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар мөн санал солилцсон байна.
АНУ, БНАСАУ-ын анхны дээд хэмжээний уулзалт 2018 оны зургаадугаар сард Сингапурт болсон бол хоёр дахь уулзалт нь 2019 оны хоёрдугаар сард Вьетнамд болсон билээ. Талууд одоогоор цөмийн зэвсгээс ангижрах, Солонгосын хойгт аюулгүй байдлыг баталгаажуулах тухай хэлэлцээр байгуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )