БНСУ Хойд Солонгост 81 мянган ам.долларын ариутгагч бодис илгээжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 14

БНСУ-ын төрийн бус байгууллага БНАСАУ-д шинэ төрлийн коронавирусний халдвартай тэмцэхэд нь зориулж 100 сая вон буюу 81 мянган ам.долларын үнийн дүн бүхий ариутгагч бодис тусламж болгон хүргүүлжээ.

Мэдээллийн Ёнхап агентлагийн мэдээлснээр, энэ нь Өмнөд Солонгосын Засгийн газар энэ он гарснаас хойш Хойд Солонгост ариутгагч бодис илгээх зөвшөөрөл олгож буй анхны тохиолдол аж. БНСУ-ын үндэсний нэгдлийн яамны төлөөлөгч төрийн бус байгууллагын нэрийг болон тусламжийг нийлүүлэх маршрутын талаар мэдээлээгүй байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн нэг төрийн бус байгууллага 20 мянган амны хаалтыг Хойд Солонгост нийлүүлэхийг төлөвлөж байсан ч хүмүүнлэгийн бараагаа өнөө хэр явуулж чадаагүй аж.

БНАСАУ Засгийн газрын авч буй арга хэмжээний үр дүнд өнөөг хүртэл коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж мэдэгдэж байгаа. БНХАУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн даруйд Хойд Солонгос хилээ бүрэн хаагаад байгаа юм. Үүнээс өмнө Сөүл Пёньянд коронавирусний цар тахлын эсрэг тэмцэхэд нь тусламж үзүүлэх саналыг удаа дараа тавьсан ч Хойд Солонгосын тал хариу өгөөгүй байна. Өнгөрсөн онд БНСУ АНУ-тай хамтран цэргийн сургуулилт хийснээс хойш тус хоёр улсын харилцаа хүйтрээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top