АНУ-ын элчин сайд Ричард Буанган Дорнод аймагт ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Өнөөдөр /2026.03.20/ аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон, аймгийн Засаг дарга Ш.Ёл нар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ричард Буанганыг хүлээн авч уулзлаа.

АНУ-аас өнгөрсөн хугацаанд Дорнод аймагт АНУ-ын элчин сайдын яам, Мянганы сорилтын корпорац, Энхтайвны корпус, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, Хөгжлийн шийдэл ТББ-аас боловсрол, хөдөө аж ахуй, байгаль орчин, жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, үр дүнгээ өгсөөр байна.

Энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагаагаа илүү шинэ түвшинд хүргэх, өргөжүүлэх саналуудыг хэлэлцсэн юм. Ялангуяа дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, нийгмийн салбаруудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллах боломжтой тухай хэлэлцэж, цаашид илүү гүнзгийрүүлэн судлан ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаар болж, албан уулзалтыг өндөрлүүлжээ. 

Элчин сайд тус аймагт хоёр хоног ажиллах бөгөөд аймгийн удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгуулж бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top