Багдад дахь АНУ-ын Элчин сайдын яам пуужингийн цохилтод өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам пуужингийн цохилтод өртсөний улмаас дор хаяж гурван хүн шархадлаа гэж Иракийн Al Sumaria телевиз мэдээлжээ.

Одоогийн байдлаар хохирогчид аль улсын иргэд болох талаар мэдээлэл өгөөгүй байна. Франс Пресс агентлагийн мэдээлснээр, сүүлийн хэдэн сар Багдад дахь АНУ-ын элчин сайдын яам нэг бус удаа халдлагад өртсөн хэдий ч элчин сайдын яамны газар нутаг дээр пуужин унасан тохиолдол анхных юм. Энэ сарын 26-нд болсон халдлага сүүлийн долоо хоногт болж буй хоёр дахь цохилт бөгөөд үүнээс өмнө энэ сарын 20-нд элчин сайдын яамны байрнаас холгүй гурван пуужин унаж байсан юм.

Ням гарагийн орой Багдад хотын “ногоон бүс” буюу төрийн байгууллага, гадаад улс орны дипломат төлөөлөгчийн газрууд байрладаг бүс рүү таван пуужин харваснаас гурав нь АНУ-ын элчин сайдын яамны газар нутаг дээр унасан юм. Нэг пуужин элчин сайдын яамны цайны газар дээр унажээ.

Хэрэг явдалтай холбогдуулан Иракийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Адел Абдел Махди аюулгүйн хүчнийхэнд АНУ-ын Элчин сайдын яамыг дахин халдлагад өртөхөөс сэргийлэх бүхий л арга хэмжээ авах үүрэг өгчээ. Тэрбээр энэ халдлагыг ноцтой үр дагавар дагуулж болзошгүй хариуцлагагүй алхам гэж анхааруулав. АНУ-аас Иракт суугаа элчин сайд Мэтью Теллер пуужингийн цохилтыг эрс буруутгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top