Иракт Израилын нууц цэргийн баазууд илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Иракийн нутаг дэвсгэрт Израилын цэргийн хоёр нууц бааз илрүүлсэн тухай “The New York Times” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.

Үүнээс өмнө “The Wall Street Journal” Израил Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлэхээс өмнө Иракт цэргийн бааз нууцаар байгуулж, ложистикийн төв болон ашиглаж байснаас гадна цэргийн ажиллагааны үеэр Израилын нисэх онгоцнуудыг унагасан тохиолдолд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах тусгай анги байрлуулсан хэмээн мэдээлсэн байна.

Израилын тал 2024 оны сүүлээр нэг баазаа байгуулж эхэлсэн байна. “The New York Times” сонины онцолсноор, Вашингтон Иракийн нутаг дэвсгэрт гуравдагч орны цэргүүд байрлаж байгааг Багдадаас нуусан байж магадгүй гэж үзэж байна. Эл мэдээлэл ил болсноос тус улс дахь АНУ-ын нөлөөнд цохилт болж болзошгүй гэж онцолжээ.

Израилын нууц цэргийн баазын талаарх мэдээлэл эл баазтай санаандгүй таарсан ирак малчин нас барсны дараа гарч эхэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын эхээр 29 настай малчин Авад аль-Шаммари пикап машинтай хүнсээ цуглуулахаар Эль-Нухайб суурин руу гарчээ. Тэрээр гэртээ эргэн ирээгүй байна. Гурван гэрчийн ярьснаар, малчны машиныг нисдэг тэргээр хөөж байсан байсан бөгөөд нэг бус удаа гал нээж байжээ. Хоёр хоногийн дараа түүний цогцсыг машиных нь дэргэдээс олсон байна. Малчин Израилын хамгаалалт бүхий объектыг олж харсан тул түүнийг хөнөөсөн гэж гэр бүл нь үзэж байна. Амь үрэгдэхээсээ өмнө малчин залуу Иракийн цэргийнхэнтэй холбогдож,нисдэг тэрэг, майхнууд харсан тухай мэдээлсэн байна. Үүний дараа Иракийн тал тус газарт тагнуулын албаныхныг илгээсэн бөгөөд Иракийн цэргүүд тус баазад ойртох оролдлого хийсэн ч урдаас нь гал нээсэн тул ухрахаас өөр аргагүйд хүрчээ. Үүний улмаас нэг ирак цэрэг амь үрэгдэж, хоёр цэрэг шархдаж, хоёр автомашин дэлбэрчээ.

Үүнтэй холбогдуулан Иракийн зэвсэгт хүчин АНУ-ын талтай холбогдож хэргийг тодруулахад Америкийн цэргүүд биш гэсэн хариу авсан тул Израилын цэрэг гэдгийг ойлгосон гэж Баруун Ефратын хүчний командлагч Али аль-Хамдани мэдэгдсэн байна. Тус бааз нь Ираны эсрэг дайн эхлэхээс өмнө байсан бөгөөд 2025 оны зургаадугаар сард болсон Ираны эсрэг 12 хоногийн цэргийн ажиллагааны үеэр Израилын тал ашиглаж байсан гэж үзэж байна.

Хожим нь Израилын хоёрдох нууц бааз байдаг нь илэрчээ. Тус баазын байршил нь тодорхойгүй ч Иракийн баруун хэсэгт цөлд байрладаг нь тодорхой болжээ.

Иракийн засгийн газар энэхүү мэдээллийг няцааж байна. Пентагон мөн тайлбар хийхээс татгалзжээ. “The New York Times” хэвлэл АНУ-ын Зэвсэгт хүчний жанжин штаб эл хоёр баазын талаар мэдээгүй байх учиргүй гэж үзэж байна.

Иракийн парламентын гишүүн Ваад аль-Каддо эдгээр тохиолдол нь Иракийн тусгаар байдал, засгийн газар, зэвсэгт хүчин болон Иракийн ард түмний нэр хүндийг үл ойшоож байгааг харуулж байна гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top