Иракт нөхцөл байдал хурцдаж, хөл хорио тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Иракийн шиит шашны нөлөө бүхий тэргүүн Муктада ас-Садр улс төрөөс гарах болсноо мэдэгдсэний дараа Иракт нөхцөл байдал хурцдаж, хөл хорио тогтоогоод байна.

Иракийн шиит шашны нөлөө бүхий тэргүүн Муктада ас-Садрын хөдөлгөөнийг дэмжигчид, Иракийн аюулгүй байдлын хүчний хооронд Багдадын төрийн болон олон улсын байгууллагууд байрладаг “ногоон бүс”-д ширүүн мөргөлдөөн болж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, зэвсэгт мөргөлдөөний үеэр 20 гаруй хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархдаад байна. Багдад хотын төвд дэлбэрэлтүүд болж, автомат буун дуу гарсаар байна. Ирак дахь АНУ-ын Элчин сайдын яамны байр их бууны суманд өртжээ. Хот руу Иракийн арми, “Сарая ас-Салям” цэрэгжсэн бүлэглэлүүд орж, аюулгүй байдлын хүчнийхэнд дэмжлэг үзүүлж байна.

Тус улсын бусад муж, бүс нутагт Садрыг дэмжигчид жагсаал, цуглаан хийж байна. Жагсагчид Дияла мужийн захиргааны байрны урд суулт зарласан бол Басра мужид буун дуу гарч байна. Кербела мужид жагсагчид орон нутгийн парламентын ордныг эзэлж авахаар дайрч байна.

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадими наймдугаар сарын 30-ны өдрийг ажлын бус өдөр болгон, зарлажээ.

Муктада ас-Садр түүний дэмжигчдийн эсрэг хүч хэрэглэхийг зогсоох хүртэл өлсгөлөн зарлаад байна. Түүний улс төрөөс гарах мэдэгдэл эсэргүүцлийн давлагаа үүсгээд байгаа юм. Ерөнхий сайд аль-Кадими түүнд хандан, хэв журам тогтооход туслалцаа хүссэн юм.

Иракт үүссэн эмх замбараагүй байдалтай холбогдуулан Кувейт иргэдээ тус улсаас гарахыг зөвлөсөн бол Иран Ирактай залгаа хилээ хаагаад байна.

Муктада ас-Садр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top