Иракийн парламентад ковидоор нас барсан эмэгтэйг сонгожээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 18

Иракийн парламентын сонгуулийн санал хураалтын дүнгээр хоёр сарын өмнө коронавирусний халдварын хүндрэлийн улмаас нас барсан Багдадын оршин суугч Ансам Мануэл сонгогдсон тухай “Al Arabiya‎” телевиз мэдээлжээ.

Тэрээр сонгуульд бие даан өрсөлдөж байсан бөгөөд 2400 орчим санал авсан байна. Ансам өнгөрсөн зун халдвар авч, эмнэлэгт нэг сарын турш эмчлүүлж байгаад хүндрэлийн улмаас наймдугаар сарын сүүлээр нас баржээ. “Амьгүй албат” сонгогдсон нь олон нийтийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж, Иракийн эрх баригчдыг сонгуулийг будлиантуулж байна гэж буруутгажээ.

Үүнтэй холбогдуулан Ансамын ар гэрийнхний өгсөн тайлбараас үзвэл, залуу бие даагчийн найз нөхөд, дэмжигчид нь түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн түүнд саналаа өгсөн гэнэ. Техникийн шалтгааны улмаас Ансамын нэрийг саналын хуудаснаас авч амжаагүй байсан тул олон хүн түүнийг нас барсныг мэдэлгүй мөн саналаа өгсөн байна.

Иракийн сонгуулийн хуулийн дагуу Ансам Мануэлийн суудалд түүний араас хамгийн олон санал авсан нэр дэвшигч суух юм аж.

Энэ сарын 10-нд болсон санал хураалтын дүнгээр Иракийн парламентад 97 эмэгтэй сонгогджээ.

Иракийн парламентын ээлжит сонгууль 2022 онд болох ёстой байсан боловч 2019 оны сүүлээр өрнөсөн засгийн газар, авлигын эсрэг эсэргүүцлийн жагсаал, цуглааны дүнд ээлжит бус сонгууль явуулахаар болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top