Иракийн Ерөнхий сайд амь насанд нь хэн халдсаныг мэднэ гэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

Иракийн Ерөнхий сайд Мустафа аль-Кадими өнгөрсөн ням гарагт түүний амь насанд хэн халдахыг завдсаныг мэдэж байгаа гэж мэдэгдээд ойрын үед тэднийг баривчлах болно гэж амлав.

Тэрбээр “Ням гарагийн халдлагыг хэн зохион байгуулсныг бид сайн мэднэ. Удахгүй нэрсийг нь зарлах болно. Тэд манай улсыг дээрэмчдийн улс болгохыг зорьж байна. Гэхдээ бид үүнийг зөвшөөрөхгүй” гэж Засгийн газрын шуурхай хуралдаан дээр мэдэгджээ.

Аль-Кадими Иракт болж буй ардчилсан шилжилт, авлигын эсрэг тэмцлийг эсэргүүцэж буй тодорхой хүчнүүд бий гээд тус улсыг бүс нутгийн дайнд нэрвэгдэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж онцолжээ.

Өнгөрсөн ням гарагийн шөнө Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан хэрэг гарсан билээ. Гаднын дипломат төлөөлөгчийн газар, төрийн байгууллагууд байрладаг Багдадын өндөр хамгаалалт бүхий “ногоон бүс”-эд байрлах аль-Кадимигийн өргөө рүү минажүүлсэн нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтай халдлага үйлджээ. Ерөнхий сайдыг шархадсан гэж мэдээлж байсан ч хожим нь өөрөө халдлагад өртөөгүй гэж жиргэсэн байна. Аль-Кадими тухайн үед гэртээ орохоор явж байсан аж.

Al Arabiya” сувгийн мэдээлснээр, нисдэг аппаратуудыг Иракийн нийслэлийн хойд хэсгээс буюу “ногоон бүс”-ээс 10 км зайнаас нисгэжээ. Халдлагын улмаас 10 хүн шархадсан аж. Халдлагад гурван дрон ашигласнаас нэг нь байгаа онож, хоёрыг нь замд нь устгаж чаджээ. Халдлагаас өмнөхөн “ногоон бүс”-эд буудалцаан гарсан байна.

Хэрэг явдалтай холбогдуулан Багдад хотноо Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан хэргийг мөрдөн шалгах комисс байгуулжээ.

Энэ үеэр мөн Ерөнхий сайдын өргөөний дээвэр дээр дэлбэрээгүй мина илрүүлж, аюулгүй болгосон байна.

Иракийн Ерөнхий сайдын амь насанд халдахыг завдсан хэргийг Багдад хотод болж буй ээлжит бус парламентын сонгуулийн дүнг эсэргүүцэгчид болон хууль хүчнийхний хооронд гарч буй мөргөлдөөнтэй холбон тайлбарлаж байна. Иракийн зарим улс төрийн хүчнүүд мөргөлдөөний хариуцлагыг аль-Кадими үүрэг ёстой гэж үзэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top