Туркийн Зэвсэгт хүчин Курдистаны хөдөлмөрийн намын эсрэг хуурай газрын цэргийн цогц ажиллагааг явуулахаар зэхэж байна гэж “Hürriyet” хэвлэл эх сурвалж дурдан мэдээлжээ.
Ажиллагааг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Иракт хийх айлчлалын дараа эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж. Туркийн төрийн тэргүүн Иракт даваа гарагт /2024.04.22/ айлчилж байна.
Өргөн хүрээтэй цэргийн ажиллагааг Иракийн хойд хэсэгт зуны саруудад явуулахаар төлөвлөжээ. Режеп Тайип Эрдоган ирэх зун Ирактай залгаа хилийн аюулгүй байдлын асуудлыг бүрэн шийдэхээр төлөвлөж байгаа тухай нэг бус удаа мэдэгдэж байсан билээ. Туркийн тал Иракийн нутаг дэвсгэрт 30-40 км гүнд аюулгүй байдлын коридорыг байгуулахаар зэхэж байгаа юм. Эл ажиллагаагаар Анкара Ирактай залгаа 378 км хилийг алан хядагчид нэтрэхээс хамгаалах юм. Ажиллагааг Багдадын төв Засгийн газар, Эрбилийн засаг захиргаа болон шиитүүдийн “Хашд аш-Шааби” ардын хөдөлгөөнтэй хамтарч явуулахаар төлөвлөж байна. Иракийн хойд хэсэгт Курдистаны хөдөлмөрийн намын баазууд байрладаг юм.
Сэтгэгдэл ( 0 )