Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Турк улс ойрын өдрүүдэд АНУ-ын дэмжлэгтэй “Ардчилсан Сирийн хүчин” курдын зэвсэгт эвслийн эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгдсэний дараахан Турк улс Сиритэй хил залгаа Акчакал хот орчим нэмэлт хүч, техникийг илгээлээ гэж Блүмберг агентлаг мэдээлжээ.
Туркийн төрийн тэргүүн цэргийн ажиллагааны бэлтгэл ажил дуусаж, цэргийн ажиллагааны төлөвлөгөө боловсруулж байгаа бөгөөд зохих тушаалуудыг өгсөн байгаа гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Сирийн хойд хэсэгт болох цэргийн ажиллагаанд хуурай замын болон агаарын анги нэгтгэлүүдийг дайчилна. Туркийн цэргийн ажиллагаа нь Туркийн газар нутагт орогнож буй Сирийн дүрвэгсдийг байрлуулах аюулгүйн бүсийг бий болгох, курдын зэвсэгт эвслийн хүчийг шахах зорилготой гэж Эрдоган мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан Сирийн хүчин эвслийн төлөөлөгч Мустафа Бали Туркийн хүчнийхэн Сирийн зүүн хойд хэсэгт орж ирсэн тохиолдолд курдын бүлэглэлүүд тэдний эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлнэ гэж мэдэгджээ.
Энэ оны наймдугаар сард АНУ, Турк улс Сири, Туркийн хил дээр аюулгүйн бүс байгуулах тохиролцоонд хүрсэн. Энэ бүсэд АНУ, Туркийн цэргүүд хамтран харуул хийнэ гэж мэдээлж байсан билээ. АНУ-тай зөвшилцсөний дүнд курдын бүлэглэлүүд мөн сараас эхлэн энэ бүс нутгийг орхиж эхэлсэн ч энэ бүсэд Туркийн газар нутагт орогнож буй дүрвэгсдийг байрлуулахын эсрэг байр суурийг илэрхийлж байв. Ингэснээр Турк улс Сирийн зүүн хойд хэсэг дэх хүн амын бүтцийг өөрчлөхийг оролдож байна гэж Ардчилсан Сирийн хүчний командлагч Мазлум Кобани тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 0 )