Туркийн Сирид явуулах цэргийн шинэ ажиллагаа Туркийн армийн Иракийн хойд хэсэгт өдгөө явуулж буй хил дамнасан ажиллагаа дуусмагц эхэлж магадгүй гэж “Hürriyet” хэвлэлд мэдээлжээ. Ажиллагааг эхлүүлэх тушаалыг долоодугаар сарын 9-12-ны хооронд тэмдэглэх исламын тахил өргөх Ид аль-Адха баярын дараа өгч магадгүй гэж тус хэвлэл онцолсон байна.
Туркийн арми дөрөвдүгээр сарын 18-наас Сирийн хойд хэсэгт “Савар-Цайз” ажиллагаа явуулж байна. Туркийн Батлан хамгаалах яамны мэдээллээр, ажиллагааны явцад Курдистаны Хөдөлмөрийн намын 220 гаруй босогчийг устгаад байна. Туркийн Зэвсэгт хүчин эл ажиллагааг амжилттай дуусгахыг зорьж байгаа тул Сири дэх шинэ ажиллагааг зөвхөн “Савар-Цайз” ажиллагааг дуусгасны дараа эхлүүлнэ гэж “Hürriyet” хэвлэлд бичжээ. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган Сирийн хойд хэсэг дэх цэргийн ажиллагаа хэзээ л бол хэзээ эхэлнэ гэж мэдэгдэж байсныг тус хэвлэл сануулсан байна.
Эрдоганы мэдэгдсэнчлэн, цэргийн шинэ ажиллагааны эхний үе шатанд Сирийн Телл Рифат, Манбиж бүсийг алан хядагчдаас чөлөөлж, “Энх тайвны эх үүсвэр” ажиллагааны дараа буюу 2019 оны аравдугаар сард байгуулсан 30 км аюулгүйн бүсийг өргөтгөхийг зорьж байна. Сири дэх шинэ ажиллагаанд Туркийн 50 мянган цэрэг, Сирийн чөлөөлөх армийн таван мянган цэрэг оролцоно гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Энэхүү ажиллагааны дүнд Турк улс Сиритэй залгаа 600 км хилийн бүсийг хяналтад авч, терроризмын аюулыг буруулах боломжтой гэж үзэж байна. Ингэснээр, Ефрат голын баруун эргийн бүс нутгийг курдуудаас бүрэн чөлөөлөгдөх юм.
Сэтгэгдэл ( 1 )
turk gj uuruu jinhene terroist uls bnaaa