Пентагон Сирийн газрын тосны объектуудыг хамгаалах хүчийг нэмэгдүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 25

АНУ-ын батлан хамгаалах яам “Исламын улс” бүлэглэлийн босогчдоос газрын тосны ордуудыг хамгаалах үүднээс Сирийн зүүн хойд бүсэд нэмэлт хүч илгээхэд бэлэн буйгаа мэдэгджээ.

АНУ нэмэлт хүч болон хөрөнгөөр эдгээр газрын тосны ордууд дахин Исламын улс“ бүлэглэл болон бусад тоглогчдын гарт очихоос сэргийлэх зорилгоор өөрийн байр суурийг бэхжүүлэхийг эрмэлзэж байна.

Пентагон хэр их хэмжээний нэмэлт хүч илгээх талаар тодруулсангүй. Үүнээс өмнө Wall Street Journal хэвлэл АНУ 500 цэрэг илгээнэ гэж бичиж байсан бол Newsweek хэвлэл олон арван танк илгээнэ гэж мэдээлж байжээ. Fox News сувгийн мэдээлснээр, хүнд техник Conoco газрын тос боловсруулах үйлдвэрийн ойролцоо Дэйр эз-Зор мужид байрлаж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.

Энэ сарын 17-нд АНУ, Турк улс “Энх тайвны эх булаг” Туркийн цэргийн ажиллагааг 120 цагаар зогсоож, курдуудын бүлэглэлүүдийг Турк, Сирийн аюулгүй бүсээс гаргах тохиролцоонд хүрсэн билээ. Энэ хугацаа мягмар гарагт дууссан бөгөөд эл өдөр Турк, ОХУ-ын ерөнхийлөгчид хэлэлцээ хийж, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Баримт бичиг ёсоор Оросын цэргийн цагдаа болон Сирийн хилийн албаны анги нэгтгэлүүдийг Туркийн ажиллагаа явуулж буй бүсээс гадна Сирийн газар нутагт оруулахаар тохиролцжээ. Эдгээр анги нэгтгэлүүд курдуудын хүчнийхнийг тус бүсээс 150 цагийн дотор гарахад нь туслалцаа үзүүлэх юм. Энэ мөчөөс эхлэн Орос, Туркийн хамтарсан алба хилийн хамгаалалт хийх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top