Путин: Сирийн хувь заяаны асуудлаар шийдвэрт хүрлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 23

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай хийсэн хэлэлцээ Сирийн хувь заяаны асуудлаар чухал шийдвэр гаргах боломж олголоо гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Түүний хэлснээр, ОХУ, Турк улс Сирийн дүрвэгсдэд эх орондоо буцахад нь тусламж үзүүлэх шаардлагатай гэж үзжээ. Ингэснээр, тэднийг хүлээн аваад буй улс орнуудын нийгэм, эдийн засгийн ачааллыг буруулах боломжтой.

Хэлэлцээний явцад Эрдоган Турк улсын Сирийн хойд нутагт хийж буй цэргийн ажиллагааны зорилго, зорилтуудыг тайлбарласан байна. Талууд Сирийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө нэгдсэн байр суурьтайгаа нотолж, зөвхөн ингэснээр тус улсад урт хугацаанд тогтвортой байдлыг бий болгох боломжтой гэж үзэж байна. Ингэхдээ Туркийн ажиллагааг алан хядагчид, ялангуяа “Исламын улс” бүлэглэлийн гишүүдэд ашиглуулахгүй байх нь чухал гэж Путин онцолжээ.

Түүнчлэн, Сири, Туркийн иргэд хамтран хилийн бүсэд энх тайван байдлыг хамгаалах үүрэгтэй бөгөөд үүнд талуудын харилцан хүндэл, хамтын ажиллагааг чухал гэж Путин онцолжээ. Сирид үүсээд буй нөхцөл байдал Үндсэн хуулийн хорооны үйл ажиллагааг энэ сарын 29-30-нд Женев хотноо эхлүүлэх  ажилд саад хийх учиргүй гэж Оросын тэргүүн дурдаад Сиричүүдийн НҮБ-ын туслалцаатай Үндсэн хуулийн хорооны хүрээнд хэрэгжүүлэх улс төрийн үйл явцыг урагшлуулах чиглэлээр цаашид хийх алхмыг мөн Эрдогантай хэлэлцэн гэж мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top