Путин, Эрдоган нар Идлибт гал зогсоох тохиролцоонд хүрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Москва хотноо зургаан цаг үргэжилсэн хэлэлцээгээр Сирийн Идлиб мужид гал зогсоох дэглэмийн нөхцөлийг тохиролцжээ.
Талууд энэ сарын 6-ны шөнөөс эхлэн Идлибт  цэргийн ажиллагааг зогсоож, М-4 зам дагуу зургаан км үргэлжилсэн аюулгүйн бүс байгуулах, энэ сарын 15-наас эхлэн энэ бүсэд хамтран эргүүл хийх тухай тохиролцоонд хүрчээ.

Москва, Анкара өмнө нь байгуулсан аюулгүй бүс байгуулах тухай 2017 оны хэлэлцээр болон Сочигийн харилцан ойлголцлын санамж бичгийг хэрэгжүүлэх сонирхолоо баталжээ.

Москва, Анкара бүх хэлбэрийн терроризмын эсрэг шийдэмгий зогсохоо илэрхийлж, Сирийн мөргөлдөөнийг цэрэг зэвсгийн замаар шийдвэрлэх учиргүй бөгөөд Сири улсын бие даасан байдлыг хүндэтгэхээ илэрхийлжээ.

В.Путин Москва Сирид үүсэн нөхцөл байдлын талаар Анкарагийн байр суурьтай тэр бүр нэг байдаггүй ч онцгой нөхцөл байдалд талууд тохиролцоонд хүрч чаддаг хэмээн онцолжээ. Р.Т.Эрдоган Анкара Сирийн Засгийн газрын хүчний үйлдэлд хариу өгөх эрхээ хадгалж үлдэнэ гээд энэ зорилгоор Турк улс Идлиб муж руу цэргийн нэмэлт хүч илгээснээ мэдэгджээ. Мөн Анкара Сирийн дүрвэгсдэд эх орондоо буцахад нь туслалцаа үзүүлэхээ амласан байна.

Сирийн Идлиб мужид өнгөрсөн сарын 27-нд Сирийн тус мужид хяналтаа тогтоосон босогчид Туркийн дэмжлэгтэй Сирийн Засгийн газрын цэргийн байрлал руу халдсанаар нөхцөл байдал хурцадсан. Сирийн Засгийн газрын арми хариу гал нээснээр Туркийн 36 цэрэг амь үрэгдсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top