Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд: Эрдэм шинжилгээний хурал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр “Музейн судалгаа: Хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейнүүд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан мэндчилгээ дэвшүүлж, музейн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахад гурван үндсэн чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа мэдэгдэв. Тухайлбал,

-Эдийн засгийн үр нөлөөг нэмэгдүүлэх: Музейд өртөг шингэсэн шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлж, салбарын жилийн орлогыг 10 тэрбум төгрөгт хүргэх;

-Цахим шилжилт ба инновац: Дижитал орон зайн шийдлүүдийг нэвтрүүлж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах;

-Аялал жуулчлалтай уялдуулах: Монгол Улсад ирж буй нийт жуулчдын 50-иас доошгүй хувийг музейгээр үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болно.

Хурлын хүрээнд доктор (Ph.D) Д.Мөнхтогоогийн чиглүүлсэн "Ханын илтгэл"-ийн хэсэгт эрдэмтэн судлаачид нийт 11 илтгэл танилцуулсан ба эдгээр нь музейн хадгалалт хамгаалалт, дижитал инновац болон хиймэл оюун ухаанд суурилсан виртуал хөтөч нэвтрүүлэх зэрэг орчин үеийн чухал сэдвүүдийг хамарсан юм.

Мөн энэ үеэр салбарын бүтээн байгуулалтууд болох 2027 онд ашиглалтад орох Төв аймгийн Зуунмод дахь Монголын Археологи, угсаатны зүйн үндэсний музей болон Хан-Уул дүүрэгт баригдаж буй Байгалийн түүхийн музейн төслүүд нь манай улсын соёл, аялал жуулчлалын хөгжилд стратегийн чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top