Энхийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн цөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхий дахинд энхийн сахиулах ажиллагаанд оролцож буй бие бүрэлдэхүүн сүүлийн 25 жилд хамгийн доод хэмжээнд хүрч, цөөрснийг Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгийн (SIPRI).тайланд дурджээ.

2025 оны арванхоёрдугаар сарын 31-ий байдлаар, энхийг сахиулах ажиллагаанд нийт 78 633 алба хаагч үүрэг гүйцэтгэж байсан нь 2016 оныхтой харьцуулахад 49 хувиар цөөрсөн байна. Энэ нь сүүлийн 25 жилийн хамгийн доод үзүүлэлт юм.

Энийг сахиулагчдын бие бүрэлдэхүүн жилээс жилд буурч байгаа ч 2025 онд огцом буюу 17 хувиар цөөрчээ. Тус хүрээлэнгийн шинжээчдийн үзэж буйгаар, геополитикийн хурцадмал байдал, улс төрийн дарамт шахалт, санхүүгийн хямрал зэрэг хүчин зүйлс олон талт энхийг сахиулах ажиллагааг сулруулж байна.

2025 онд дэлхийн 34 улс орон, нутаг дэвсгэрт олон талт энхийг сахиулах нийт 58 ажиллагаа явуулжээ. Тухайлбал, Африк болон Европт 18, Ойрх Дорнод болон Хойд Америкт 14, Хойд болон Өмнөд Америкт тав, Ази, Номхон далайн бүс нутагт гурван ажиллагаа зохион байгуулжээ. Бие бүрэлдэхүүний 73 хувь нь таван ажиллагаанд үүрэг гүйцэтгэснээс дөрвийг нь Африкийн Сахарын цөлөөс өмнөд хэсэгт явуулжээ.

Стокхолмын Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа санхүүгийн хямралтай нүүр тулсныг онцолжээ. Томоохон донор орнууд цаг тухайд эсвэл бүрэн хэмжээгээр санхүүжилтээ олгоогүй байна. Тухайлбал, 2025 оны долоодугаар сард НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа явуулахад хоёр тэрбум ам.долларын санхүүжилт дутагдсан байна. Үүний улмаас бие бүрэлдэхүүнийг ихээхэн цөөлөхөөс өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хатуу шаардлага, байнгын төлөөлөгч орнуудын хориг энхийг сахиулах ажиллагааг сунгах шийдвэр гаргахад хүндрэл учруулсан болохыг шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top