Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн улс орнууд хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 14 өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев нар хамтран даргалав. Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов. Харин ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комисс, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улсын холбогдох яам, агентлаг, байгууллагын төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид оролцлоо.
Тус хуралдаанаар Худалдааны түр хэлэлцээрий хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, Хамтарсан хорооны ажиллах журмыг батлан, барааны худалдаа, гаалийн хамтын ажиллагааны дэд хороод, техникийн зохицуулалт болон ариун цэвэр, ургамлын эрүүл ахуйн асуудлаар хамтарсан ажлын хэсгүүд байгуулахаар тохиролцов.
Монголын тал экспортын зах зээлийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх хүрээнд SPS шаардлага, гаалийн үйл ажиллагаа, гарал үүслийг баталгаажуулах, худалдааны техникийн саад тотгорыг бууруулах асуудлыг хөндөж, ЕАЭЗХ-ны зах зээлд Монголын экспортлогч аж ахуйн нэгжүүдийг холбогдох худалдан авагч, бизнесийн түншүүдтэй шууд холбох санал гаргав.
Түүнчлэн талууд 2027 онд Монгол Улсаас ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад нийлүүлэх махны урьдчилсан хэмжээг тодорхойлж, техникийн саад тотгорыг арилгах чиглэлээр зөвлөлдөх ажлыг эхлүүлэхээр тохиролцлоо.
Мөн гаалийн дамжин өнгөрүүлэх тээвэр болон Гаалийн нэгдсэн транзит систем байгуулах саналын талаар мэдээлэл солилцов.
Талууд Барааны худалдааны дэд хорооны анхдугаар хуралдааныг 2026 оны эцэс хүртэл, улмаар сайд нарын түвшний дараагийн уулзалтыг 2027 оны эхний улиралд зохион байгуулахаар төлөвлөв.

Сэтгэгдэл ( 0 )