Каддафийн үхэл: Ливичүүд хоёр дахин ядуурсан нь үнэн үү?

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2011 оны аравдугаар сарын 20-нд Ливийн удирдагч Муамар Каддафи НАТО-гийн дэмжлэгтэй өрнөсөн иргэний дайны золиос болсон билээ. Тэрээр далайн эргийн төрөлх хотоосоо явах гэж байгаад отолтонд орж, түүний цуваа пуужингийн цохилт, улмаар босогчдын халдлагад өртөв.

2014 оноос хойш Ливи улс зүүн ба баруун гэсэн хоёр засгийн газартай, хуваагдмал улс болон хувирлаа. Хоёр талын хооронд үе үе дэгдэх мөргөлдөөн, газрын тосны дэд бүтэц рүү хийх халдлагууд нь орлогыг нь хааж, аюулгүй байдал үгүй болсон нь хувийн хэвшлийн санаачилгыг боомилж байна. Дэлхийн банкны тооцоогоор, 2010-2020 оны хооронд Ливийн нэг хүнд ногдох орлого 50 хувиар буурчээ. 2020-од оноос эргэн өссөн ч үндэсний эв нэгдэлтэй байсан үеийнхээс хамаагүй доогуур хэвээр байна.

Нэгэн үхлийн нууц

Каддафийн үхлийн эргэн тойрон дахь нөхцөл байдал нь түүнийг залгамжилсан Үндэсний шилжилтийн зөвлөлийн (ҮШЗ) анхны хямралуудын нэг болсон юм. 2011 оны аравдугаар сарын 20-нд босогчдод зодуулж буй Каддафийн гэрэл зураг, бичлэгүүд дэлхий даяар тархсан. Тэр тухайн өдрөө эмнэлэг явах замдаа нас барсан гэж ҮШЗ-ийн гүйцэтгэх товчооны дарга Махмуд Жибриль мэдэгдсэн байдаг.

Хэргийн газарт байсан хээрийн командлагч Омран Овейб Каддафийн амийг аврахыг хичээсэн ч Каддафийн талынхан босогчид руу халдсаны улмаас буудалцаан гарч, Каддафи толгойндоо оногдож амь үрэгдсэн. Түүнийг хэн буудсан нь тодорхойгүй гэж үздэг.

2011 онд НҮБ-ын комисс олон улсын мөрдөн байцаалт явуулсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Каддафийн цогцсыг задлан шинжилгээнд оруулалгүй, Мисурата хотод гурван өдрийн турш олон нийтэд дэлгэн үзүүлжээ. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан тул НҮБ дахин мөрдөн шалгахыг хүссэн ч Ливийн шинэ эрх баригчид үүнийг дэмжээгүй юм.

Түүнчлэн Олон улсын эрүүгийн шүүх (ОУЭШ) хэргийг хаасан. ОУЭШ-ийн прокурор Луис Морено-Окампо Каддафийн үхлийг дайны гэмт хэрэгт тооцож болно гэж мэдэгдсэн ч хэн нэгэнд ял тулгаагүй.

 

 

Каддафийн үхлийг тойрсон нууцлаг байдал олон улсын улс төрд нөлөөлжээ. АНУ, Францын аль аль нь агаарын цохилтын хариуцлагыг хүлээхийг хүсээгүй. Халдлага болоогүй бол тэр босогчдын гарт орохгүй байх байжээ.

Францын тухайн үеийн ерөнхийлөгч Николя Саркозиг шүүмжлэгчид Каддафийг ОУЭШ-ийн өмнө очуулахгүйн тулд бүхнийг хийсэн гэж сэжиглэж байв. Учир нь Франц-Ливийн харилцааны нууц гэрээнүүд ил болж мэдэх байлаа. Сүүлд энэ сэжиг үндэслэлтэй болох нь батлагдаж, 2018 онд Саркозид Каддафиас их хэмжээний бэлэн мөнгө авсан хэргээр ял тулгаж, 2025 онд буруутай гэж үзсэн юм. Каддафийн хүү Сейф аль-Исламын өгсөн мэдүүлэг энэ шүүх хуралд гол нөлөө үзүүлжээ.

Ливийн тугийн доорх уналт

Каддафийн дэглэм унасны дараа Ливийн эсрэг авсан олон улсын хориг арга хэмжээнүүд цуцлагдаж эхэлсэн. 2011 оны арванхоёрдугаар сард АНУ Ливийн 30 тэрбум долларын хөрөнгийг царцаалтаас гаргав.

Онолын хувьд энэ нь эдийн засгийг сэргээх ёстой байсан ч шинэ эрх баригчид газар нутгаа бүрэн хянаж чадаагүй. Зэвсгээ хураалгаагүй бүлэглэлүүд газрын тосны ордууд руу халдаж, Өрнөд рүү гаргах газрын тосны хэмжээ буурчээ. Үүний зэрэгцээ гадны гүрнүүд Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцож эхлэв.

 

 

Улс орон хоёр хуваагдаж, баруун хэсэгт Туркийн дэмжлэгтэй исламистууд, зүүн хэсэгт маршал Халифа Хафтарын удирдлага тогтсон байна.

Ядуурлын амт

Ливийн эдийн засаг чөлөөт уналтад орлоо. 2010 онд Ливийн ДНБ 83.9 тэрбум доллар байсан бол 2014 оноос хойш 40-50 тэрбум долларын түвшинд гацав. Дэлхийн банкны тооцоогоор, Ливи улс 2024 он гэхэд нийт 600 тэрбум долларын орлогоо алджээ.

Эдийн засгийн уналтад дайн гол үүрэг гүйцэтгэсэн. Зүүн хэсгийг хянаж буй Хафтарын цэргүүд газрын тосны ордуудыг хянталтдаа байлгаж байгаа нь нийслэл Триполи орчмыг гол орлогоос нь тасалжээ.

Хачирхалтай нь, Каддафийн дараа тус улсын төсвийн зардал 2-3 дахин өссөн байна. Өнөөдөр Ливийн хүн амын 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар улсын төсвөөс хамааралтай амьдарч байна. Зэвсэгт бүлэглэлүүдийн улмаас хувийн хэвшил хөгжих боломжгүй болж, улс төр нь зөвхөн мөнгө тараалт дээр тогтож байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд Ливид бүх нийтийн сонгууль болоогүй бөгөөд дарангуйллыг унагасан ч ардчиллыг авчирсангүй.

Ливичүүд Каддафийн үеийг үгүйлдэг үү? 2022 оны "Арабын барометр"-ийн судалгаагаар, түүний хүү Сейф аль-Исламд итгэх иргэдийн итгэл 45 хувьтай гарчээ. Энэ нь Каддафийн дэглэмийг хэсэгчлэн цагаатгаж буй хэрэг юм. Гэвч түүнийг унасны дараа бий болсон засаглалгүй байдал хэнд ч ашиг тусаа өгсөнгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top