Муаммар Каддафийн хүү Ливийн Ерөнхийлөгчид өрсөлдөнө

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Арван жилийн өмнө босогчдын гарт амиа алдсан Ливийн тэргүүн Муаммар Каддафийн хоёр дахь хүү Сейф аль-Ислам Каддафи Ливийн Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүлсэн тухай  “al-Marsad” хэвлэл мэдээлжээ.

Тэрбээр шаардлагатай баримт бичгээ Ливийн Сонгуулийн дээд комиссын Себха хот дахь салбарт өгсөн байна.

2011 онд Муаммар Каддафийн дэглэмийг унагасны дараа түүний гэр бүлийн гишүүдийн араас “ангуучилж” эхэлсэн. Босогчид Муаммар Каддафи, түүний хүү Муатасемийн амийг хөнөөсөн бол хүү Хамис нь Триполи хотыг бөмбөгдөх үеэр амиа алджээ. Эцгийнхээ итгэлт хамтран зүтгэгч байсан Сейф аль-Ислам /49 настай/ 2011 онд босогчдод олзлогдсон. 2015 онд шүүхээр цаазын ял сонсож байсан ч 2017 оны долоодугаар сар хүртэл Ливийн шоронд хоригдож байгаад суллагдсан юм. Тэрбээр 2011 оноос хойш Олон улсын эрүүгийн шүүхээс эрэн хайх хүмүүсийн жагсаалтад ороод байгаа юм.

Ирэх арванхоёрдугаар сард товлогдсон сонгуульд түүнээс гадна Ливийн Үндэсний армийн удирдагч генерал Калифа Хафтар, Ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэгч Абдул Хамид аль-Дбейбех, дотоод хэргийн сайд асан Фати Башага, парламентын дарга Агила Салех нар нэр дэвших өндөр магадлалтай байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top