Магнаг хямдарч, махны үнэ тэнгэрт хадав

Автор | Zindaa.mn
2012 оны 02 сарын 09



Орчин цагт “Мах магнаг болов” гэсэн эртний үг хуучирчээ. Мах авч идэхээс  магнаг дээл өмсөх нь хямд тусах шинжтэй. Цагаан сар дөхсөн энэ цаг дор ууцны мах авах, уртай үйлчний урласан магнаг торгон дээлээр гоёх хоёрын үнэ бараг тэнцэж байна. Хонины өрөөсөн хаа хорин мянган төгрөгөөр авчихаад  явж байхад бүтэн хонины мах магнаг дээлээс үнэтэй санагдсан шүү. Метр нь 30 мянгын магнаг торго их сайндаа таван метр нь дээлэнд хүрнэ биз дээ. Тэгвэл ууцны махны үнэ түүнээс даваад жилийчихэж байгаа юм. Ингээд магнаг хямдарч махны үнэ тэнгэрт хадах цагийг дөчөөд сая мал хөдөө талдаа бэлчээсэн Монгол Улсын иргэн үздэг юм байжээ.

Монголчуудыг махсаг гэдэг ч нэг хүн амд ногдох махны хэрэглээгээрээ дэлхийд 11-т ордог юм билээ. Саяхан гаргасан статистик судалгаагаар тийм дүн гарсан байна лээ. Хөдөлдөг, хөдөлдөггүй бүхнийг зооглодог өмнөд хөрш Хятад, тарган АНУ, хямсгар Герман, махсагаараа манайхаас илүү гарах Бразил, Мексик, хуучны анд ОХУ, ихэмсэг Франц, үхэр шүтээнтэй Энэтхэг, малгүй шахам Япон, халуун цуст Итали гээд манайхаас илүү махчид байна аа, байна. Манай өмнө гишгэсэн нөхөд хорлонтой нь биднээс хямд мах зооглодог гэж байгаа. Зарим нь малгүй байж далайн цаанаас тээвэрлэж ирсэн махаа манайхны хөдөөнөөс ачиж ирснээс хавьгүй хямд үнэлдэг.

Хөдөө тал нь малаар дүүрэн монголчууд тэгэхэд гадаадаас махаа авдаг орнуудаас хавьгүй өндөр үнээр зоог шүүсээ бэлтгэсэн шиг цагаан сардаа зэхэж сууна. Хонины мах кг нь таван мянган төгрөг давж, үхрийн мах найман мянга руу дөхчихлөө. Тийм ч өргөн хэрэглээний бус адууны ясгүй мах 5000 төгрөг гэчихжээ. Тэвшинд багтдаггүй, ямбанд тавьдаггүйгээр нь гоочилдог тэмээ, ямааны мах дөрвөн мянга өнгөрчихсөн. Ястай нь энэ шүү дээ. Шулсан нь бол үүнээс дээгүүр. Нөөцийн мах 12 мянган тонныг гаргаад өгөхөөр наад махны үнэ чинь навс доошилно гэж манай нийслэлийн дарга нар хэлсэн чинь байдаггүй ээ. Шатахуун, валютын үнийн өсөлтөөр бамбай хийсэн ченжүүд “Монгол хүн өсгөсөн үнээ хэзээ буулгаж байлаа. Авахгүй бол махнаас гарч манжин идэхгүй юү” гээд царай өгөх янзгүй. Махны үнэ хамгийн доогуур байдаг өвлийн цагт ийм ханштай байгаа юм чинь мах хомс дулааны улиралд ёстой арван мянган төгрөгөөс хэтэрч талийх байлгүй. Ялаа, батганын “ачаар”, халуун цагт өмхийрч өтөхийн зовлон гараад ирэхээр жаахан аядаж мэдэх л юм. Ахиухан дулаарч, ялаа арвин гараасай гэж залбирдаг юм уу яадаг юм. Цөөн хоног ч гэсэн хямд мах идэх гэсэндээ л батгана дуудсан хэрэг.

С.Ганбаатар тэргүүтэй МҮЭ-ийн холбооны зүтгэлтнүүд үнийн өсөлтийн эсрэг тэмцээд махны үнийг дийлсэнгүй. Дийлсэнгүй ч гэж тэр жагсаал цуглаан өөрсдөдөө оноо цуглуулах төдий зүйл байсан уу. Төрийн албаныхны цалинг нэмээд өгөхөөр махны үнэ ч дагаад өснө. Өнөөдрийн кг нь таван мянган төгрөгийн хонины ястай мах маргааш 10 мянга болоод гарч өгнө. Ченж гэдэг “мангас”-уудын гараас махны түгээлтийг салгахаар аль 2004 оноос хойш мал, махны бирж байгуулах гээд малчидтай зөвшилцөж амжаагүй гэдэг нэрийн дор ажил болж чадсангүй. Малчид, хэрэглэгч хоёрыг шууд холбож, махны үнийг хямдруулах аргыг засаг, төр бодоод бодоод одоогоор олохгүй л байна. Ямар ч гэсэн дэлхийн ханасан дээд үнээр шахам малчин Монголын нийслэлчүүд махаа зооглодог боллоо.

Сар шинийн баяр болоод ирэхээр тааруухан цалинтай хүний сарын дундаж хөлсийг тэр чигээр нь сорсон өртөгтэй ууц захын лангуун дээр данхайна. Дэргэд нь дэлэм нударгатай ченж үнэрхэж таахалзана. Ёсыг бодож түүнийг нь авч гурав хонуулаад ходоод, хогийн сав хоёр дамжуулаад даший шог. Ёстой гучин хэдэн сая толгой малтай орны нийслэлийн иргэд мөн байгаа биз. Сар шинэ ч яахав, бор хоногийн хоолны махандаа сарын цалингаа тэр чигээр нь тавьж туух дээрээ бараг тулчихлаа, нийслэлийнхэн. Магнагаар гоёод, махаа багасгаад суух цаг ирэх нь үү гэлтэй.

Д.ОЮУНЦЭЦЭГ.
Гэрэл зургийг “Тойм” сэтгүүл.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top