Цацраг идэвхт ба цөмийн хаягдал, цөмийн ашигласан түлшний талаарх үндсэн ойлголтын талаар олон нийт тэр бүр мэддэггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч буруу зөрүү мэдээлэл өгдөг. Иймд энэ талаар товч тодорхой мэдээлэл бэлтгэлээ.
Цацраг идэвхт хаягдал нь цацрагт цөм агуулж байгаа эсхүл стандартаас хэтэрсэн цацраг идэвхт цөмөөр бохирдсон материалыг хэлдэг. Цацраг идэвхт хаягдал нь бага, дунд, өндөр түвшний гэсэн ангилалтай байдаг.
Бага түвшний цацраг идэвхт хаягдал нь голдуу эмнэлэг болон аж үйлдвэрээс гарсан цацраг идэвхт бодисоор бохирдсон цаас, бөс даавуу, хувцас, хэрэглэл гэх мэт байдаг.
Дунд түвшний хаягдал нь уул уурхай болон судалгаа шинжилгээний ажлаас гарсан давирхай, химийн шавар гэх зэрэг багтдаг.
Өндөр түвшний хаягдал нь цөмийн реактороос гарсан бохирдолтой барилгын материал болон техникийн эд ангиуд байдаг байна.
Цацраг идэвхт хаягдлыг хадгалах боловсруулах нь түүний зэргээс хамааран харилцан адилгүй байдаг.
Цөмийн хаягдал ба цөмийн ашигласан түлш гэж юу вэ?
Цөмийн хаягдал бол цөмийн реактороос үүсч бий болдог. Энэ нь цөмийн реакторт үүссэн цөмийн хуваагдлын бүтээгдэхүүнүүд болон транс-ураник элемэнтүүд агуулж байдаг.
Маш өндөр цацраг идэвхтэй ба их хэмжээний дулаан ялгаруулдаг. Цөмийн хаягдал нь өндөр түвшний хаягдалд хамаардаг.
Цөмийн ашигласан түлш бол цөмийн эрчим хүчний реакторт ашиглаж дууссан түлш бөгөөд өөртөө уран, плутони мөн тэдгээрийн задралын болон хуваагдлын бүтээгдэхүүнүүд агуулсан байдаг.
Зарим улсад ашигласан түлшээ шууд цөмийн хаягдалд тооцдог бол зарим улсад түүнийгээ дахин боловсруулж уран, тори, плутонийг хуваагдлын бүтээгдэхүүнүүдээс нь салгах үйл ажиллагаа явагддаг байна.
Аль ч тохиолдолд өндөр түвшний хаягдал гэдэг бол аюул өндөртэй бөгөөд зохицуулах нарийн технологи шаардлагатай.
А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 0 )