Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн жаргал зовлонгийн тухай нэн сонирхолтойгоор өгүүлэх “Ларьдма” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж буй. Энэ сарын 5-нд нээлтээ хийх уг киноны продюссерээр ажилласан жүжигчин Б.Навчаатай уулзаж ярилцсанаа толилуулья.
-Киноны нэр их өвөрмөц юм. Албан ёсны трейллерээс гол дүрийн бүсгүйн нэр гэдэг нь илэрхий болсон. Гэхдээ яагаад заавал Ларьдма гэж?
-Тэрийг одоо тайлахгүй шүү дээ, ямар ч тайлбар өгөх шаардлагагүй. Киног маань үзээд л энэ нууцыг хүмүүс өөр өөрийнхөөрөө тайлах биз. Хэн юу гэж бодох нь хамаагүй, тухайн хүний сэтгэхүйн л асуудал. Ларьдма гэдэг маань дүрийн нэр л дээ, уг нь. Гадаадад ихэвчлэн эмэгтэй дүрийнхээ нэрээр нэрлэсэн кинонууд байдаг. Гэхдээ зүгээр нэг нэрлэчихээгүй, их олон утга агуулсан сонголт л доо. Тэгэхээр үүнийг нууц хэвээр нь үлдээе, үзэгчид маань өөрсдөө тайлаг.
-“Хоёр ертөнцийн буудал” сэтгэхүйн эмгэнэлт драмын жүжиг, “Би эмэгтэй хүн” уран сайхны киног эс тооцвол таны бүтээсэн дүрүүд ихэвчлэн инээдмийн шинжтэй байдаг. Харин энэ удаад огт өөр өнгө аясыг харуулах гэж байна. Яагаад ийм сэдэв сонгож авсан юм бэ?
-Энэ нийгэмд байгаа охид эмэгтэйчүүдийн амьдрал, асуудал бэрхшээл, даваа нугачаа бүхэн надад ч бас мэдрэгдээд байна. Тэднийхээ төлөө дуугармаар байна шүү дээ, би. Үүнийг эмэгтэй хүн л дуугарахгүй бол, эрэгтэй хүн дуугарахгүй шүү дээ. Нийгэмд тулгамдаж байгаа энэ асуудлыг хөндөж, тэр “цоожтой хаалга”-ыг охид эмэгтэйчүүдийнхээ өмнө нээж өгье гэсэн санаатай явна. Хүмүүсийн тархинд “юм” хийж, оюун санаанд нь өөрчлөлт оруулах уран бүтээл хийсэн нь дээр биз дээ. Болж бүтэхгүй байгаа асуудлуудын талаар хүчтэйхэн шиг дуугарья гэж бодоод л энэ сэдвийг сонгож авсан.
-Нийгэмд бараг түгээмэл мэт болчихсон ч хэтэрхий далд байдаг гэр бүлийн хүчирхийллийн талаар хэн дуртай нь зориглож дуугардаггүй. Ихэвчлэн эмэгтэйчүүдийн байгууллага, хүмүүнлэгийн сангийн тайлангаар л энэ бүхнийг мэдээлж байна шүү дээ. Та иймэрхүү байгууллагуудтай хамтарч ажилладаг уу?
-Үгүй ээ, үгүй. Эмэгтэйчүүдийн байгууллага, буяны үйлс гэх юм надад ерөөсөө байхгүй. Аливаа нэг байгууллагад хамрагдахыг хүсдэг ч үгүй. Тэр битгий хэл, аль ч намыг сонгодоггүй. Хэн ч байсан хамаагүй, би хувь хүнийхээ үүднээс л харилцдаг. Аль нэгэн дарга, улстөрч байх эсэх нь огт хамаагүй гэсэн үг. Ер нь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өчнөөн л байгууллага байна шүү дээ. Хоосон нэр зүүсэн энэ газрууд хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө хаана, юу хийгээд байгаа юм бэ. Хүний нүдэнд харагдаж, гарт баригдахаар юм хийсэн гэж үү. Хүнд хөдөлмөр эрхлэхээс авахуулаад хүчирхийллээс хамгаалах төв энэ тэр гээд түмэн янзын сэтэртэй газар олон байна. Нарийн яривал, нэг юмыг зуун талаас нь хараад нэрлэчихсэн л байхгүй юу. Яг үнэндээ тэд сүржин нэртэй газар байгуулаад юу ч хийж чадахгүй байна шүү дээ. Хүчирхийллээс хамгаалах үндэсний төв гээд Монголд байгаа ганц төрийн бус байгууллага байна. Юу ч хийгээгүй, юм хийх чадвар ч байхгүй шүү, тэдэнд. Төр засгийн зүгээс ямар ч оролцоо байхгүй. Яахав, хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийг түр орогнуулдаг нууцлалын байртай л юм билээ. Үүнээс өөр юу ч алга. “Ийм асуудал байна шүү” гээд таниулах хуудас тараах ч чадамж алга.
-Хүүхэд эмэгтэйчүүдийн төлөө гэсэн энэ олон байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажил тааруухан гэж дүгнэдэг хэрэг үү?
-Тийм. Тэгэхээр надад ийм байгууллагуудтай орооцолдох шаардлага байхгүй. Тэд нартай хамтарч ажиллах ч үгүй. Харин өөрийнхөө сэтгэл зүрхэнд зовниж явдаг асуудлаа уран бүтээлч хүний хувиар гаргаж тавихыг хичээсэн юм. Энэ бол уран бүтээлээрээ дамжуулж үзэгчдэд нэгийг ойлгуулах гэсэн миний хүсэл. “Ларьдма” кинонд гэр бүлийн хүчирхийллийн талаар их хөндөх учир үүнийг дагаад тэр олон байгууллагууд “сэрж”, үйл ажиллагаа нь сэргэнэ гэдгийг би ёстой бардам хэлнэ. Аягүй бол хуулиндаа өөрчлөлт оруулах байх. Энэ киног үзээд олон мянган эмэгтэйчүүд маань баярлана. Эрчүүд эндээс ихийг ойлгож, буруу замд орох гэж байснаа ухаарна. Энэнээс гадна гэр бүлийн харьцаа хүртэл өөрчлөгдөнө. Олон нийтийг тэгж хөдөлгөж, тархинд нь юм хийж чадвал жинхэнэ уран бүтээл болно гэсэн үг. Түүнээс биш зүгээр л нэг “Дэлгүүр” гэсэн сэдэв барьж авчихаад түүндээ хэдэн жүжигчин тоглуулснаа кино театруудад зарах гээд сууж байдаг уран бүтээлч би биш л дээ. Тэртээ тэргүй, миний гар дүрж оролцсон уран бүтээл чанартай байх ёстой. Жүжигчин талаасаа яривал, би муу уран бүтээлд жүжиглэдэг нь үнэн. Энэ бол миний сонголт биш. Яахав найруулагч надад тухайн дүрд тоглох санал тавьсан, цаана нь бас бус асуудал зөндөө бий. Өнөөдөр ар гэрт маань мөнгөний хэрэгцээ чухал байсан ч юмуу, ямарваа нэгэн тохиолдлоор би тухайн кинонд нь тоглочихдог. Дараа нь тэр бүтээл үнэхээр муу болчихсон байх нь ч бий. “Яах гэж тоглов оо. Шал дэмий юм хийж дээ” гэж бодоод би гардаг л юм. Харин өөрийн гараар уран бүтээл хийж, найруулагч юмуу эсвэл прожект нь болоод ажиллана гэвэл би хэзээ ч муу юм зүйл хийхийг хүсэхгүй. Анхны прожект хийсэн кино маань “Хэцүү анги” байна. Хоёр дахь нь “Рашаантын 18” бол, гурав дахийг нь би “Ларьдма” уран сайхны киногоо гэж хэлнэ.
-Тэр олон киноноос шигшиж үлдсэн нь энэ гурав байх нь ээ?
-Яг тийм. Үүнийгээ л би уран бүтээл хийсэн гэж хэлнэ. Уран бүтээлч хүнд цензур байх ёстой гэдгийг манайхан төдийлөн сайн ойлгохгүй байх шиг ээ. Нэг сайн уран бүтээлч хийчихээд тэр нэрэндээ дулдуйдан муу уран бүтээл хийдэг нь буруу. Уран бүтээлч хүн уг нь дээшээ дэвшиж байх ёстой. Аль ч төрөл жанр руу явж байх ёстой гэж би хувьдаа боддог байхгүй юу. Гэтэл нэг сайн кинонд тоглочихоод дараа нь муу кино руу үсрээд орчих юм. Эсвэл нэгэн хэвийн кино хийгээд байдаг болж. Миний хувьд, тоо бус чанар чухал гэж үздэг.
-Нийгэмд дохио өгөхүйц энэ киноныхоо зохиолыг Д.Төрмөнхөд захиалж бичүүлэн, найруулагч Ж.Сэнгэдоржоор хянуулсан гэсэн. Мэдээж, тодорхой хэмжээнд судалгаа хийсэн байх?
-Судалгаа хийсэн. Би ерөнхий найруулагчаа л сонгосноос биш, зохиолчийг сонгоогүй л дээ. Ж.Сэнгэдоржид энэ киног найруулах даалгавар өгсөн хэрэг. Яагаад гэвэл, манай Ж.Сэнгэдоржийн дотор бусад найруулагчаас арай өөр нэг юм байдаг. Дүр сонголтын тал дээр тун торгон мэдрэмжтэй. Тухайн дүрийг гадна талаас нь харах бус дотор хүнийг нь харагдтал тоглуулах нарийн, чимхлүүр аргатай найруулагч байхгүй юу. Зохиолын хувьд эмэгтэй хүн бичвэл зовлон жаргалыг нь ойлгож, мэдрэх тал дээр арай дээр юм болов уу гэж бодож байлаа. Үүнийг маань Ж.Сэнгэдорж эрс няцааж “Харин ч энэ зохиолыг эрэгтэй хүн бичвэл дээр байх. Тэгэхээр эрэгтэй зохиолч сонгоё” гэсэн учраас би Д.Төрмөнх зохиолчид санал тавьсан юм. Түүний бичсэн кино зохиолын 50 хувийг нь бид өөрчилсөн. Бараг 70 хувийг нь ч өөрчилсөн байж магадгүй. Ер нь тэр кино зохиолыг орвонгоор нь эргүүлсэн дээ. Энэ бол бид нарын мэдэл. Яагаад гэвэл продюссер нь Б.Навчаа гэж хүн байна. Би өөрөө зохиолоо захиалж бичүүлсэн учраас миний санаанд нийцэх ёстой. “Ларьдма” гэдэг зохиолыг Д.Төрмөнх бичсэн бол, “Ларьдма” уран сайхны киноны зохиолыг Ж.Сэнгэдорж, Б.Баттүшиг хоёр бичсэн. Энэ хоёр маань эх хувилбарыг нь янзалж, жинхэнэ кино зохиол болгож хувиргасан. Чадварлаг уран бүтээлчдээс бүрдсэн болохоор миний баг сайн ажилласан. Ер нь, кино урлаг маань залуу уран бүтээлчдээр цус сэлбэх цаг нь болсон. Эрч хүчтэй, авьяас чадвартай, хөдөлмөрч залуус түрэн гарч ирж байгаа энэ үед ямар их ирээдүй харагдаж байна гээч. Яасан ч гоё юм. Би урьд нь “Zaya’Sh” студийн найруулагч Ш.Даваадоржийг оператороор сонгодог байсан бол, одоо Б.Базаррагчаа гээд тэрнэээс илүү хүн гараад ирлээ шүү дээ. Туршлагын хувьд Даваахай арвин бол, сэтгэлгээний хувьд Базаррагчаа арай өөрөөр хардаг. Сэтгэхүйн талын уран бүтээл дээр би найруулагч Ж.Сэнгэдоржийг сонгох бол, арай илүү хөгжилтэй уран бүтээлд Н.Болдыг сонгоно. Эсвэл драмлаг кино байвал би найруулагч Н.Наранбаатарыг сонгоно. Энэ мэтээр найруулагч болгон өөр өөрийн гэсэн өнгө төрх, мэдрэмжтэй байдаг юм. Гэхдээ энэ бол зөвхөн миний дотоод хуваарилалт шүү. Тэд ганцхан төрлөөр дагнаж уран бүтээл хийхгүй нь тодорхой. Би л хувьдаа, хийх гэж буй киноныхоо төрөл жанраас хамаарч тэдгээр уран бүтээлчдээс сонголт хийнэ гэсэн үг.
-Эрчүүдийг эндээс чухам ямар зүйлийг ойлгож, ухаараасай гэж хүсч байгаа бэ?
-Энэ чинь ерөөсөө эрчүүдэд зориулсан кино байхгүй юу. “Эрчүүд минь та нар ухаараач ээ. Хүний сайхан охиныг авч суучихаад яаж зовоож байна вэ. Тэр хань гэдэг үгнийхээ утгыг ойлгооч” гэж хэлэхийг хүссэн. Мөн эмэгтэй хүнд ч ялгаагүй хэлнэ. Энэ кино эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд хоёуланд нь зориулагдсан бүтээл. Хань гэдэг үгнийхээ учрыг ойлго оо. Хань гэдэг үг чинь хайр дурлал биш. Энэ бол “Насан туршдаа бие биедээ хань болж явна” гэсэн утгатай агуу үг байхгүй юу. Энэ үгээ л та нар эхлээд ойлгочих. Тэгж байж дараа нь гэр бүлээ зохио, үр хүүхдээ гарга. Тэгсэн тохиолдолд гэр бүл салж, үр хүүхэд өнчрөхгүй. Ерөөсөө энэ балиар сэдвийн дор хэн хамгийн их хохирч байна вэ гэвэл хүүхэд. Ямар ч буруугүй атлаа тэдний эрх ашиг хөсөр хаягдаж байна. Ирээдүй минь ийм байхаар яах вэ, таминь. Хүчирхийлэгчээс хүчирхийлэгч л төрдөг байхгүй юу. Хүүхдийн нүдэн дээр бид хүчирхийллийг үзүүлмээргүй байна шүү дээ. Энэ балиар юмыг харуулмааргүй байна. Хүний эрх, эрх чөлөө гэж хачин сайхан ярьдаг мөртлөө үүнийгээ биелүүлж байгаа байгууллага нэг ширхэг ч байхгүй. Өнөөдөр хууль баталж байгаа тэр 76 өөрсдөө ч энэ асуудлаа шийдэж чадахгүй байгаа. Эцсийн эцэст бид нар эрэгтэй хүний гаргасан хууль дүрмээр л амьдарч байна шүү дээ. Би үүнийг эсэргүүцдэг.
-Эрчүүд маань гадны юм бүхнийг сайхан гэж шимтэх атлаа дэргэдээ байгаа хань ижил, охид хүүхнүүдээ элдэв бусаар хэлж доромжлох нь элбэг. Монгол эр хүн гэхээр л бүдүүн баараг гэх ч юмуу охид эмэгтэйчүүд ийм байх ёстой гэсэн хуучирсан ойлголтоос болоод тэр юм болов уу?
-Энэ ер нь аягүй тийм совестгүй, балиар асуудал байхгүй юу. Эрчүүд өөрсдөө хэд л бол хэдэн хүүхэнтэй унтаад л явж байдаг биз дээ. Эхнэрээ хуураад заваарч явдаг эрчүүд олон байгааг нуугаад яах юм бэ. Эрэгтэй хүн ийм байдал гаргаагүй бол эмэгтэй хүн хэзээ ч тийм юм хийхгүй. Гэтэл эхнэр нь өөр эртэй учирвал бүх насаар нь яллаж, ганц удаа хуурсныг нь зуун удаа хуурсан мэтээр харааж ерөөдөг нь балиар байхгүй юу. Өөрсдийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй шүү дээ. Хүн муулахаасаа өмнө өөрийгөө муулж сур. “Би ямар хүн бэ. Энэ хүн яагаад ийм байдалтай болчихов. Хэнээс болж энэ бүхэн үүсэв, би буруутай юмуу” гэж бодох ёстой. Тэр бол тодорхой хэмжээний бүдүүлэг хүмүүст хамаарах асуудал. Түүнээс биш, монголын бүх эрчүүд тийм муухай биш шүү. Маш сайхан эрчүүд бий. Ялангуяа би урлагийнхаа эрчүүдийг өмөөрнө. Манай урлагийн эрчүүд ерөнхийдөө зөөлөн зантай, арай л өөр байдаг юм. Найз нөхдийн маань дотор ч сайн, сайн залуучууд зөндөө байна. Гэтэл хүчирхийллээс өөрийг мэдэхгүй, бүдүүлэг эрчүүд ч цөөнгүй байгаа учир би ийм уран бүтээл хийхэд хүрсэн.
-Сүүлийн үед инээдмийн юмуу хайр дурлалын сэдэвтэй кино хийхгүй бол “шатах” аюул энүүхэнд гэж ярих найруулагч олширсон. Уг нь үзэгчдэд санаа сэдэл өгч, юм бодогдуулах уран бүтээл хийвэл зүгээрсэн гэж боддог?
-Тэр бол өрөөсгөл ойлголт. Өөрөө муу уран бүтээл хийсэн болохоор л “шатаж” байхгүй юу. Муу юмыг муу юм л дагана шүү дээ. Хэтэрхий их мөнгө бодож явах хэрэггүй байхгүй юу. “Энэ мөнгө үү, эсвэл уран бүтээл үү” гэдгээ л сайн бодох ёстой. Уран бүтээлээ нэгдүгээрт тавьж чадвал эргээд мөнгө олдоно. “Энэ ийм кино хийгээд баяжчихлаа. Яг үүн шиг кино хийе” гэж бодвол тэр хүн өөрийн гэсэн ямар ч толгойгүй найруулагч байна. Бусдыг хийсвэрлэн дагагч алиа салбадай шиг хүн амжилтанд хүрэхгүй. Тухайн уран бүтээлийг бий болгож байгаа хүн өөрийн гэсэн толгойтой байх ёстой. Монголын бүх үзэгчдэд биш юмаа гэхэд тодорхой хэмжээний хүмүүст зориулж бүтээл хийх хэрэгтэй. “Хэцүү анги”-ийг би дунд сургуулийнханд зориулж хийсэн. “Арван жилийн сургуулийн сурагчид ийм алдаа гаргаж байна шүү, нэгнээ хот хөдөө гэж битгий ялгаад байгаач ээ. Хамгийн гол нь та нар хүний сэтгэл рүү өнгийж сур” гэж боловсролын системд байхгүй зүйлийг тэнд хийж байсан. Тэр үед би юу ч мэдэхгүй байсан учраас МҮОНТ-д өөрийнхөө оюуны өмчийг шууд өгсөн. Одоо бол арай илүү юм мэддэг болчихсон, өөрийнхөө санаачилж бүтээсэн зүйлийг өрөөл бусдад өгөхгүй. “Рашаантын 18” кинон дээр баян хоосны ялгаа яагаад ийм туйлдаа хүрчихсэн юм бэ. Яагаад баян ядуу хоёр сууж болдоггүй юм, юундаа зиндаархаад байгаа хэрэг вэ. Хүний мөнгөнд хайртай болж байгаа юмуу аль эсвэл зан чанар, дотоод сэтгэлд нь дурлаж байгаа хэрэг үү. Энэ бүхнийг охид залуус маань ойлгоосой гэсэн үүднээс “Рашаантын 18”-аа хийсэн. Дээрхи хоёр киногоороо дамжуулан би хүүхэд, залууст хэлэх үгээ хүргэсэн. Харин одоо дунд насныхан, ялангуяа ажил амьдрал нь тогтож яваа хосуудад зориулж “Ларьдма” киногоо гаргах гэж байна. “Би чухам юунаас болж алдах гээд байна вэ. Хажуу дахь ханиа яагаад зовоогоод байна вэ” гэж эрчүүд маань ухаараасай гэж хүсч байна. Уран бүтээлч хүний хувьд, би ийм шатлалаар өгсч явна. Нэг бүтээлээс нөгөө бүтээл рүү маш чанартай орох ёстой. Бусдыг шүүмжлэхэд амархан ч, харин өөрөө хийхэд хэцүү байж таарна. Миний энэ кино дэлгэцэнд гарахаараа аягүй их шүүмжлэлд өртөх байх. Янз бүрийн л юм болно. Гэхдээ зуун хүний 30 нь мууллаа гэхэд 70 нь магтана л даа.
-Гол дүрд Д.Пүрэвсүрэнг сонгох болсон шалтгаан нь юу юм бол. Продюссерийн хувьд, ямар “нүдээр” харсан бэ?
-Д.Пүрэвсүрэнгийн доторхи хүнийг би сайн мэддэг. Яг жинхэнэ Д.Пүрэвсүрэнг мэддэг болохоор сонгосон хэрэг. Бусад хүмүүс түүнийг олон янзын өнгөөр “хардаг” байхгүй юу. Энэ хүний дотор юу байна вэ, жүжигчний уран чадварын хувьд хэр юм бэ, үүнийг яг энэ үед нь ингээд тоглуулчихвал юу гарах вэ гэдгийг найруулагч хүний хувьд би монголын ард түмэнд тайлагнах гэсэн юм. Тэр хүнийг зүгээр л нэг хэдэн хүнд муулуулаад байхыг хүсэхгүй байна. Яагаад гэвэл, би түүнтэй адилхан уран бүтээлч эмэгтэй хүн учраас хүндэлнэ. Дараагийн удаад бас л хэн бүхэнд муулагдаад байгаа эмэгтэй жүжигчнийг дотор талаас нь харуулсан дүрд сонгож авахыг үгүйсгэхгүй. Энэ бол миний сонголт. Д.Пүрэвсүрэнг топ модель гэсэн гуншингаар нь л дуудаад байх юм. Тэр хүнийг яагаад жүжигчнээр нь харахгүй байгаа юм бэ. СУИС-ийн хөгжимт драмын ангийг төгссөн мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ. Яахав, царайлаг болохоор нь найруулагчид түүнийг арай илүү хөнгөн жанрын бүтээлд тоглуулж, зүгээр л нэг сайхан хүүхний дүрд сонгож байсан биз. Харин одоо би түүнийг дотоод талаас нь илүүтэй харуулж, жүжигчний хувьд хэр болохыг нь мэдрүүлнэ.
-Киноны зураг авалтын үеэр дэлбэлсэн “Мустанг” машиныг танд гадаад эр бэлэглэсэн гээд л шуугилаа. Тэгээд бүр ахиад ийм бэлэг өгөх гэж байгаа гэсэн, үнэн юмуу?
-Ёстой худлаа. Хүмүүс янз бүрээр ярьж л байг, тэр болгонд эмзэглээд яах юм бэ. Тэдний хэлснээр би тийм болчихгүй нь лав. Яагаад гэвэл би өөрийн гэсэн үзэл бодолтой, эх оронч үзэлтэй хүн. Үнэн юм үнэнээрээ л сайхан. Тэр машиныг би зургаан сая төгрөгөөр худалдаж авсан. “Да хүрээ” зах дээр машин зардаг н.Ганцоож гэдэг залуу болон түүний гэр бүлийнхэн намайг сайн жүжигчин гэж үнэлж явдаг юм билээ. Маш сайхан эхнэртэй, ямар гоё гэр бүл гээч. Тийм баян тансаг биш хэрнээ энгийн сайхан гэр бүл. Энэ киног хийх гэж байгааг тэр залуу мэдээд “Ямар сайхан хэрэг вэ. Би хувь нэмэр оруулья” гээд миний өмнөөс зургаан сая төгрөг төлөөд л авч өгсөн. Ийм л гоё иргэн манайд байна шүү дээ. Ар гэрээ тэжээх гэж өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөж байгаа тэр залуугийн сэтгэл үнэхээр сайхан санагдсан. Тэрнээс биш юун гадаад хүн, энэ тэр. Тэгээд ч надад хэл усны мэдлэг байхгүй, гадаад хүнтэй харилцаж чадах ч үгүй.
-Мэргэжлээсээ гадна янз бүрийн ажил хийж явсан гэдэг. Ийм илэн далангүй, хэнд ч нээлттэй бас шударга ханддаг тань амьдралын явцад суусан чанар уу, аль эсвэл?
-Ер нь тэр чинь хүмүүжил шүү дээ. Хүн буруу юм хийж болно, хамгийн гол нь үнэнээ хэлж байх ёстой. Алдаж оносон ч үнэнээрээ л бай. Яахав, тодорхой хэмжээгээр бусдад гэм хоргүй худлаа хэлэх үе гарна аа. Жишээлбэл, найз нөхөд маань “Ууя, идье” гэж байхад би “Бие өвдсөн байна” гэчихдэг. Энэ бол гэм хоргүй худал үг. Хаана үнэн ярих вэ, хаана худлаа хэлэх вэ гэдгээ маш сайн бодох хэрэгтэй. Надад худлаа хэлж, бусдыг хуураад явах зан таарах ч үгүй. Илэн далангүй, шударга зан маань жинхэнэ Навчаагийнх.
-Өөрийгөө дайчилдаг, дотоод хүнээсээ хамгийн их сонсдог үг тань юу вэ?
-Өөрөөсөө асууна л даа. “За, чи үүнийг чадах уу” гэж... Чадна гэж хэлэхгүй, өөртөө бас эргэлзэнэ ээ. “Надад ийм санаа байна” гээд ойр дотныхон, урлагийн хүрээллийн хүмүүстээ хэлдэг. Тэд маань “Ёстой гоё санаа байна. Чи хийж чадалгүй яах юм бэ” гэж хурцалж өгвөл “За, би ер нь чадах юм байна” гээд л өөрийгөө дайчилна. Түүнээс биш, зөвхөн өөрөө өөртэйгээ яриад байж чаддаггүй юм.
Р.Мөнгөн
Сэтгэгдэл ( 22 )
chini bichsen ene humuusig buh hun tanina harin chamaig medehchgui um bna malaa chi ataarhaj hun muulj netin ard suudag ajilgui archaagui amitan bga gedegt moristhod belen bna yuch chadhgui humuus l huni ul shagaij ataarhaj yvdag um
Ymarch ongiroo Ymarch sagsuu Eree tseereegui yuom
Лардьма - Амьдрал
ene muulj yarij bgaa xumuus ichixgui xamgiin turuund ochij uzne de. shilj songox bish uran buteeliin janraasaa shaltgaalj songoltoo xiideg gesen shu de. Goe kino bolson baix gej bi xuvidaa bodoj ba Zaaval uznee
yostoi shudarga saikhan hellee nadad ene hunii shudarga zan uneheer taalagddag gants nadad tudiigui buh mongolchuud maani tiim bodoltoi yvdag bha gj naidaj bn
та нар хэн болчоод бусдыг муу хэлээд байгаа юм бэ? хамгийн тэнэг хүн л бусдын улыг шагайдаг хамгийн ухаантай нь бусдын сайн талыг нь хардаг гэдэг өөрсдөө өчүүхэн амьтад болохооор өчүүхэн л сэтгэх юм даа. хэрээрээ л сэтгэнэ л дээ.
та нар хэн болчоод бусдыг муу хэлээд байгаа юм бэ? хамгийн тэнэг хүн л бусдын улыг шагайдаг хамгийн ухаантай нь бусдын сайн талыг нь хардаг гэдэг өөрсдөө өчүүхэн амьтад болохооор өчүүхэн л сэтгэх юм даа. хэрээрээ л сэтгэнэ л дээ.
yostoi saihan aviyastai emegtei shuu tsaashdiin ajild chini amjilt husie ene muulj baigaa humuus yasan ataarhuu muuhai humuus ve uursduusuu ichdeg ch boloosoi
ZAAVAL UZNEE
энэ одоо өөрийгөө хэн гээд бодчоо бэ. ёстой ой гутчихлаа. өөрөө ёстой хар дотортой авгай шдээ
энэ одоо өөрийгөө хэн гээд бодчоо бэ. ёстой ой гутчихлаа. өөрөө ёстой хар дотортой авгай шдээ
Нaвчаа амжилт амжилт
Guij togoldogoo? Ter cine yu gj bgaan bas tiim um bdagiimuu?
Амьдрал гэдгийг урвуулаад Лардьма болж байна.
Chinii orlcson kinonuud goe busad ni xog uu*******chamd dvr bii yu neg muukhai damchin abgain toglolttoi malaa chinii oroogvi kinog vzekh yumsan guij toglodog kheden jujigchid bainaa mongold bataa nabchaa amibii byambacogt baatarxvv nar boliosoi mongoliin kinog buzarlaj duuslaa