Япон улс Таван толгойн ордыг ашиглахад оролцох, ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг түлхүү тавьсан гэдгийг манай талын албаны хүмүүс хэлж байна. Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялгийн 6 дугаар Зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо болж өндөрлөөд байгаа билээ. Тэгвэл энэ уулзалтын үеэр Японы талаас дээрх саналыг тавьжээ. Японы Ерөнхий Сайд Шинзо Абе Монгол Улсад айлчлах үеэрээ “Эрч” санаачлагыг дэвшүүлсэн. Түүний энэхүү айлчлалын дараа болж буй дээрх зөвлөлдөх уулзалт Монгол, Японы харилцааг Стратегийн харилцааны түвшинд хүргэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой болсон гэж хуралд оролцсон хоёр тал санал нэгтэйгээр дүгнэсэн байна. Зөвлөлдөх уулзалт “Худалдаа хөрөнгө оруулалт”, “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаан гэсэн үндсэн хоёр хэсэгтэй хуралдсан. “Уул уурхай эрдэс баялагийн” хуралдаанаар яригдсан гол асуудлыг онцлон хүргэвэл:
Монгол Улсын ямар саналтай байв
Монгол Улс уул уурхайн салбарт ашигт малтмалын боловсруулалтын түвшинг дээшлүүлж, дэд бүтцийг бэхжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг чиглэлээр Япон улстай хамтран ажиллах санал тавьсан.
Япончууд юу хүсэв
-Монгол Улсаас хямд, чанар сайтай нүүрсийг тогтвортой хугацаанд тогтмол худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.
-Таван толгойн ордыг ашиглахад оролцох. Ингэхдээ тухайн ордын хувьцааг эзэмших асуудлыг түлхүү тавьсан.
-Хамтарсан худалдааны корпараци байгуулах. /нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр/
Хаана хамтрахаар болов
Нүүрсийг элс ашиглан /хуурай/ аргаар баяжуулах технологийг хамтран судалж нэвтрүүлэх,
Дархан газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд хамтран ажиллах
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хагас кокс шахмал түлшний үйлдвэр барих чиглэлээр судалгаа хийх.
Япончуудын хатуу үг юу байв
-Монгол Улсан хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчин тогтворгүй.
-Монгол Улсын Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль нь Японоос хөрөнгө оруулалт татахад саад учруулж байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдад чиглэсэн төр засгийн үйлчилгээ удаан, хүнд суртал ихтэй.
-БНХАУ, ОХУ-аар дамжин өнгөрөх тээврийн зардал өндөр зэрэг нь Монгол, Японы худалдааг хөгжүүлэхэд бэрхшээл учруулж байна.
Талууд хэрхэн тохиролцов
Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яамны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг:
- Худалдаа, хөрөнгө оруулалт болон аж үйлдвэрийн салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх
- Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хувийн хэвшлийн оролцоог дэмжих
- Хоёр талаас хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, бизнесийн таатай орчныг бий болгох чиглэлээр хамтран ажиллах
Монгол Улсын Эрчим хүчний яам, Япон Улсын ЭЗҮХЯ хооронд ” байгаль орчны офсет кредит механизмын хүрээнд хамтран ажиллах тухай” баримт бичиг /дэд сайд нар/
- Хүлэмжийн хийг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэх, дэд бүтэц болон бүтээгдэхүүнийг бий болгох, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хамтарсан кредит механизмын хүрээнд хамтран ажиллах,
- Хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр мэдээлэл солилцох, Засгийн газар болон хувийн хэвшлийн хүрээнд бусад хамтын ажиллагааг явуулах
Монгол Улсын Эрчим хүчний яам, Японы Хитачи компаний хооронд хамтын ажиллагааны санамж бичиг:
- Эрчим хүчний салбарт урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Эрчим хүчний эх үүсвэр, түүний дэд бүтцийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх замаар үйл ажиллагааг сайжруулах
- Хамтын ажиллагааны хүрээнд эрчим хүчний шинэ эх үүсвэр, дамжуулах сүлжээ, эрчим хүчний ухаалаг сүлжээ зэргийг Японы Олон улсын Хамтын Ажиллагааны Банкны санхүүжилтээр хийхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )