Австрийн томоохон компаниуд Монголд усан цахилгаан станц барих сонирхолтой

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Монгол Австрийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс 2010 онд хуралдахад Австрийн талаас манайд 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн юм. Тэгвэл Эрчим хүчний сайд М.Сономпил Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын сайд Рэйнхолд Митэрлэйнэрийн урилгаар тус улсад айлчлал хийхдээ энэ тохиролцоог ажил хэрэг болгож хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэхүү зээлээр тухайн үед эрүүл мэнд, эрчим хүч дэд бүтцийн төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр Санамж бичигт гарын үсэг зурсан байгаа тул  хог хаягдал боловсруулан эрчим хүч үйлдвэрлэх станц байгуулах төсөлд тус улсын дэвшилтэт технологийг ашиглан хэрэгжүүлэх санал тавилаа.

Австрийн сайд энэхүү саналыг ойлгон хүлээн авч, хөнгөлөлттэй зээлийг үр өгөөжтэй ашиглахад хоёр тал анхаарахын чухлыг тэмдэглэхийн сацуу Монгол Улс усан цахилгаан станц барьж байгуулах аваас уг төсөлд Австрийн томоохон компаниуд оролцох сонирхолтой гэдгийг илэрхийлэв. 

Уулзалтын үеэр Монгол улсын Эрчим хүчний яам, Австри улсын Эдийн засаг, гэр бүл залуучуудын яам хооронд  Эрчим хүчний  салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх санамж бичигт сайд нар гарын үсэг зурлаа. Уг санамж бичгийн дагуу хоёр улс эрчим хүч түүний дотор сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах юм.

Мөн байгаль орчны хамгаалал, тогтвортой хөгжил, шинэ техник технологи нэвтрүүлэх зорилгоор хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд тухайлбал, Австрийн талаас Монтанны их сургуулийг татан оролцуулахыг  санамж бичигт тусгажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top