Монголын компаниуд зээлд хамрагдах боломжтой

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Ч.Улаан сайд  ОХУ-ын Сангийн дэд сайд С.Сторчактай уулзжээ. Тэд хоёр орны эдийн засгийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага болон нэгдмэл сонирхол бүхий асуудал, тулгарч буй сорилтуудын талаар товч ярилцсан байна. Хоёр орны хоорондын уламжлалт харилцааг Сангийн яамдын түвшинд хадгалж, цаашид яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд хоёр талаас ач холбогдол өгч ажиллах нь зүйтэй гэж Сангийн сайд хэлжээ.

Мөн Евразийн хөгжлийн банкны ТУЗ-ийн орлогч дарга С.Шаталовтой Сангийн яамны төлөөлөгчид уулзаж, Монгол Улс ОХУ, Казахстан болон төв Азийн бусад орнууд хамтран байгуулсан Евразийн хөгжлийн банкинд гишүүнээр элсэн орох буюу тус банктай хамтран ажиллах бусад боломжит хувилбаруудын талаар хэлэлцжээ.

Евразийн хөгжлийн банк нь дэд бүтэц, эрчим хүч, нийтийн аж ахуйн төслүүд, мөн газрын тос болон байгалийн хийн худалдааг дэмжих чиглэлээр бүс нутгийн орнуудад санхүүжилт олгодог бөгөөд Монгол Улс тодорхой хэмжээний хувьцаа эзэмшиж гишүүнээр элсэн орох, эсвэл хязгаарлагдмал гишүүнчлэлийн үндсэн дээр Монгол Улсын болон бусад гишүүн орнуудын хувийн хэвшлийн компаниуд экспорт-импортыг дэмжсэн зээлд хамрагдах хувилбар байж болох талаар банкны төлөөлөгчид ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top