2017 он гэхэд Хятад улс АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэв үү?

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Манай өмнөд хөршийн эдийн засаг удааширснаар ази дахь эрсдэлийн түвшинг нэмэгдүүлж байгаа нь бондын зах зээлд ихээхэн хөдөлгөөн бий болгож байгааг шинжээчид тэмдэглэж байна. Тус бүсийн зээлдэгчид итгэл төрүүлж дийлэхгүй хэмжээнд хүрээд байгаа аж. Ямартай ч Хятад улсын компаниудын бондын хэмжээ ирэх хоёр жилийн дотор АНУ-ын компаниудын өрийн хэмжээг гүйцнэ гэсэн судалгааг “Standard & Poor’s”-ээс хийжээ. Тэгвэл “PricewaterhouseCoopers” олон улсын аудитын компанийн  тайлангаас харахад Хятад улсын эдийн засгийг энэ янзаараа 2017 он гэхэд АНУ-ын эдийн засгийг гүйцэж түрүүлж, дэлхийд нэгдүгээрт жагсана гэж өгүүлсэн байх юм. Тэнд өгүүлснээр шинжээчдийн тооцооллоор 2017 онд БНХАУ-ын ДНБ-ий нийт хэмжээ 20 орчим их наяд ам.долларт хүрэх бөгөөд АНУ-ын холбогдох үзүүлэлтийг давж гарна гэжээ. Харин 2030 он гэхэд улс орнуудын ДНБ-ий үзүүлэлтийн жагсаалт Хятад улс нь /30,6 их наяд /, АНУ /23,4 их наяд/ ба Энэтхэг улс /13,7 их наяд. долл./ байна гэж илтгэлд дурджээ. Одоо гуравт явж байгаа Япон улс дөрөвдүгээр байр руу ухарна гэж таамаглажээ. Мөн энэ арван жилд хятадын эдийн засаг жилд 7 хувийн өсөлтийг үзүүлнэ. Энэ нь Бээжингийн тавьсан шинэ зорилттой нийцэж байгаа. Гэхдээ 2050 он хүртэл эл зорилгод хүрэх явц хурдаа алдах урьдчилсан дүр зураг харагдаж буй аж.

Ер нь БНХАУ-ын эдийн засгийн мэдээллүүдийг харвал гадаад худалдааны ашиг өнгөрөгч сард 18.8 тэрбум ам.долларт хүрснийг тус улсын гаалийн ерөнхий газраас мэдэгдээд байна. Энэ нь олон улсын шинжээчдийн таамаглаж байсан 15.6 тэрбум ам.доллараас өндөр гарсан байна. Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарахад импорт 168,9 тэрбум ам. доллар (өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад), экспорт 187.1 тэрбум ам.доллараар өссөн нь нөлөөлсөн байна.  БНХАУ нь Европ болон АНУ-тай гадаад худалдааны тэнцэл ашигтай байдаг боловч бусад улсуудтай нефт, түүхий эд, үйлдвэрийн бүтээгдэхүүнийг импортолж авдагаас гадаад худалдааны тэнцэл нь алдагдалтай байдаг байна. Европын өрийн хямралаас үүдэн БНХАУ-ын Евро бүстэй хийж буй гадаад худалдааны ашиг 32 хувиар буурч 7.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Харин АНУ-тай хийж буй гадаад худалдааны ашиг нь 13 хувиар буурч 14.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Олон улсын шинжээчид БНХАУ-ын компаниуд гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор бодит экспортынхоо хэмжээг худал мэдээлж байж болзошгүйг анхааруулсан бөгөөд БНХАУ-ын гадаад худалдааны ашиг үнэн хэрэгтээ албан ёсныхоо хэмжээнээсээ 10 дахин бага гарсан гэж дүгнэсэн байна. 4 сарын БНХАУ-ын “purchasing managers” index” ( 50.0 хувиас доош гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн хэмжээ буурсаныг харуулдаг) 50.6 хувь буюу өнгөрсөн сараас 0.3 хувиар буурч гарсан байна.     

Тус улсын Ардын банкнаас энэ оны эхний улирлын байдлаарх найдваргүй зээлийн хэмбээг 86 тэрбум ам.долларт буюу нийт зээлийн 0,99 хувьд хүрсэн гэж мэдээлсэн байна. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа, эдийн засгийн өсөлтийг хангах үүднээс үр ашиггүй хөрөнгө оруулалтыг хийж байгаагаас найдваргүй зээлийн хэмжээ өсөх гол шалтгаан болж байгааг олон улсын шинжээчид анхааруулсан байна. БНХАУ-ын орон нутгийн засаг захиргааны өрийн хэмжээ өссөж байгаа, найдваргүй зээлийн хэмжээ нэмэгдэж зээлийн чанар муудаж байгаа зэрэг нь зарим банкуудыг төрийн эзэмшилд буцаан шилжүүлж болзошгүйг шинжээчид тэмдэглэсэн байна.

Банк, санхүүгийн зах зээлд шинээр мөрдөгдөж эхлэх Базел-III стандартай холбоотойгоор зарим олон улсын банк, санхүүгийн байгууллагууд БНХАУ-ын банкуудад эзэмшдэг хувьцаагаа зарж эхэлсэн байна. Голдман сакс компани өөрийн зэзэмшдэг БНХАУ-ын худалдаа, үйлдвэрийн банкны 1,1 тэрбум ам.долларын хувьцаагаа зарах шийдвэрийг гаргасан байна.

 Тус улсын эрх баригчдын  зүгээс орон сууцны үнийн өсөлтийг хязгаарлах болно гэж байсан ч  өнгөрөгч сард томоохон 70 хотын 68-д нь орон сууцны үнэ өссөн мэдээ гарсныг бас энд тэмдэглэх хэрэгтэй. Гуанжу, Бэйжин, Шанхай зэрэг төвлөрөл ихтэй хотуудад байрны үнэ өндөр байгаа юм. Хэдийгээр орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоохын тулд 2 дахь орон сууцны зээлийн хүүг өндөр болгож, урьдчилгааг нэмэгдүүлж, үнийн өсөлтөөс татвар тооцох хүртэл арга хэмжээ авч байгаа ч хэрэг дээрээ үнэ уруудахгүй л байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.6.195) 2013 оны 05 сарын 29

Usa guitsegdej boloh ch mongol oron hezee ch hyataduudad guitsegdej boldoggui yum.etseg uvugdiin zahiasiig martaj ul bolno.naimaamd naizgui nairsag zantai zochin bolgon bidnii nuhud bish yum.

0  |  0
Top