Японых өсч, Монголынх урууджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 29

Дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг хамгийн том санхүүгийн зах зээл болох валютын зах зээл нь үндэсний валютын системүүдийн огтлолцол дээр тогтдог бөгөөд Олон Улсын худалдаа арилжаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн нөөцийн урсгалуудын хэмжээг илтгэгч, үнэ цэнийг нь тодорхойлогч болохын хувьд өргөн боломжийг агуулж байдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Түүнчлэн валютын зах зээлийн мэдээлэл яагаад чухал вэ гэдэг нь ойлгомжтой юм. Манай валютын зах зээл дээрх голлон арилжаалагддаг валют нь ам.доллар бөгөөд гадаад төлбөр тооцооны дийлэнх хувийг хийдэг. Цөөн хувийг нь өөр бусад орны валютаар гүйцэтгэж байгаа. Тэрчлэн дотоодын валютын захын сүүлийн үеийн мэдээллийг харвал өчигдөр буюу 28-ны өдрийн Төв банкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 8.0 сая ам.доллар худалдан авах, 20 сая ам.доллар худалдах, мөн юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцсонгүй. Тэгвэл мөн өдөр банкууд валютын своп хэлцлээр 47 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 45 сая ам.долларыг своп хэлцлээр худалдаж, валютын захад ам.доллар нийлүүлсэн мэдээ байна.

Арилжааны банкуудын үзэж буйгаар бол дотоодын зах зээл дээр валютын эрэлт өндөр байгаа аж. Монголбанкны өнгөрөгч долоо хоногийн  дуудлага худалдаагаар нийт 40.7 сая ам.доллар, 173 сая юань зах зээлд нийлүүлэгдсэн ч ханш чангарсан хэвээр байсан нь дотоодын зах зээл дээр валютын эрэлт өндөр байгааг харуулсан гэж байна.Түүнчлэн долоо хоногийн эцэст ам.долларын арилжааны ханш 1447 төгрөг, юаний ханш 235.20 төгрөг орчим байсан бол  28-ны өдөр Төв банкны албан ханшийг харахад 1 ам.доллар  1,441.92 төгрөгтэй тэнцүү байгаа юм.

За харин олон улсын валютын захын мэдээллийг харвал Япон улсын төв банкны хурал болж, мөнгөний тэлэх бодлогыг эрчимжүүлэх шийдвэр гаргасан нь иений ханш долоо хоногийн дундуур сулрах шалтгаан болсон. Тус банкны сүүлийн хуралдаанаар бодлогын гол таамаглалаа 2016 оны эхний улирал гэхэд 2%-ийн инфляцитай болно гэж шинэчилсэн байгаа билээ. АНУ-ын  Холбооны нөөцийн сангийн тэргүүн Бен Бернанкегийн Конгресд хийсэн мэдэгдэл зах зээлд томоохон хөдөлгөөнийг авч ирснийг бид өмнө нь өгүүлсэн. Тэрээр бонд худалдан авалтыг бууруулах нь хэтэрхий эрт байгаа бөгөөд эдийн засагт эрсдэл авч ирэх магадлалтай хэмээн мэдэгдсэн ч ажилгүйдлийн хэмжээ тогтвортой буурч эхэлвэл бонд худалдан авалтын хэмжээг бууруулж болох юм гэсэн нь зах зээлд илүү нөлөөлж ам.долларын голлох валютуудын эсрэг ханш чангарах шалтгаан болжээ.

Холбооны нөөцийн сан бонд худалдан авалтын хэмжээгээ бууруулна гэсэн хүлээлт зах зээлд өндөр байгаа нь хөрөнгийн зах зээлд сөргөөр нөлөөлж байгаа бол эрсдэл багатай активд тооцогдох иен, Швецарь франк зэрэг валютуудын эрэлтийг нэмэгдүүлсэн хэвээр байна. Хятад улсын үйлдвэрлэлийн салбарын “PMI” индекс муу гарсан нь хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийхэд мөн нөлөөлсөн байна.

Хөрөнгө оруулагчид иений ханш хангалттай хэмжээгээр буурсан гэж үзэж байсан нь өнгөрөгч долоо хоногийн сүүлийн өдөр иений ам.долларын эсрэг ханш сүүлийн нэг жилийн хамгийн их өсөлтөө хийхэд нөлөөлжээ. Иений ам.долларын эсрэг ханш Япон улсын засгийн газар, Төв банкны бодлогын нөлөөгөөр оны эхнээс нийт 16 хувиар сулраад байгаа юм. Еврогийн ам.долларын эсрэг ханш сүүлийн 3 долоо хоногийн хугацаанд анх удаа өсөллттэйгөөр долоо хоногийг өндөрлүүлсэн нь Герман улсын бизнесийн салбарын “IFO” индекс сайн гарсантай холбоотой гэдгийг шинжээчид тэмдэглэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.6.195) 2013 оны 05 сарын 29

Ho ho japanuudtai baritaj baihiig bodvol mongolchuud amjilt oirhon l baigaa yum baina.tegmeer yum.tednii setgeegui olj haraagui sonin hachniig setge dee.ongon zeluid baigali zerleg uudam tal tedend sonin baih bizee.

0  |  0
Top