О.Эрдэнэбулган “The Japan Times”-д ярилцлага өгчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 06 сарын 03

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр олон улсад танигдсан Японы хэвлэл “The Japan Times” сэтгүүлд ярилцлага өглөө. “The Japan Times” сэтгүүлийн сэтгүүлч Уул уурхайн дэд сайдаас Монгол Улсын уул уурхайн салбарын хөгжил болон Уул уурхайн түүхий эдийн боловсруулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр баримталж буй бодлого, стратеги, хөрөнгө оруулалтын байдал, Монголын уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх шинэ боломжуудын талаар сонирхож байлаа. О.Эрдэнэбулган дэд сайд хэлэхдээ “Уул уурхайн салбараас улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөө жил ирэх тутам өсөн нэмэгдэж зөвхөн өнгөрсөн 2012 онд гэхэд уул уурхайн салбар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 18.7%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 67.1%, экспортын нийт бүтээгдэхүүний 89.2%-ийг дангаараа бүрдүүлсэн. Мөн сүүлийн жилүүдэд гарч буй Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь уурхайн салбарын хөгжилтэй салшгүй холбоотой” гэдгийг онцоллоо.

Мөн манай улс хөрөнгө оруулагчдыг гадаадын, дотоодын гэж ялгавартайгаар ханддаггүй. Гадаадын хөрөнгө оруулагчид геологи хайгуул, уул уурхайн олборлолт, боловсруулалтын чиглэлээр ажиллаж байна. Түүнчлэн эрдэс баялгийн салбарын экспортыг төрөлжүүлэх үүднээс уламжлалт бус газрын тос, газрын ховор элемент зэрэг цоо шинэ дэд салбаруудын эдийн засаг, эрх зүйн орчныг бүрдүүлж байна гэдгийг ярилцлагадаа онцолж байлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top