Энэ хорвоо дэлхий дээр юугаар ч орлуулж, сольж болшгүй хэдхэн “нандин” байгаль эхийн бэлэг байдаг билээ. Түүний нэг нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ус юм. Ус байгаа болохоор хүн, байгаль амьтан энэ дэлхий ертөнцөд оршин тогтнож байгаа билээ. Нэгэн жишээ дурдахад: Хүний булчингийн 75 хувь, тархины 81 хувь, цусны 92 хувийг ганцхан ус дангаараа эзэлдэг байна. Гагцхүү хүн гэлтгүй бүхий л амьд организм усгүйгээр 3 ч хонож чадахгүй гээд та бодоод үздээ. Хүн ус уулгүйгээр ганцхан хоног явахад л тархины хэвийн үйл ажиллагаа алдагдаж, ямар ч тамир тэнхээгүй болдог байна. Манай дэлхийн нийт газар нутгийн гуравны хоёр хувийг гол, нуур, далай, тэнгис эзэлж байгаа хэдий ч энэ бүх ус ахуйн хэрэглээний цэнгэг ус биш юм. Гол горхи далай тэнгисийн нийт усны зөвхөн гуравхан хувь нь л та бидний ахуйн зориулалтаар хэрэглэж болох ундны ус байдаг бөгөөд дэлхий дээр цэвэр усны хомсдолд орж нэг тэрбум гаруй хүн / 2010 оны судалгаагаар / тарчилж байна. Байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, агаарын бохирдол ихэссэн зэрэг хүний буруутай үйл ажиллагаа нь усны нөөцийг багасгахад шууд нөлөөлж байгаа юм. Манай орны хувьд хуурай уур амьсгалтай, хур тунадас маш бага хэмжээгээр ордог, ихэнх гол горхиуд нь гадагш урсгалтай, ууршилт ихтэй зэргээс шалтгаалан усны маш бага нөөцтэй орнуудын тоонд ордог байна. Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жил хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр хүрч байгаа бөгөөд 34,600 сая шоо метр нь гол мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол, 10,800 сая шоо метр нь газрын доорх усны нөөц тус тус багтаж байгаа юм. Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30,5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35,8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24,6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9,1 хувь нь булаг шанд гол горхины уснаас авч хэрэглэж байна. Шинээр үйлдвэр, аж ахуйн газрууд, усан цахилгаан станц, уул уурхайн үйлдвэр зэрэг томоохон барилга байгууламж барьж байгуулахтай холбоотойгоор манай орны ус, хөрс бохирдсоор байна. Бидний өвөг дээдэс усаа хайрлан гамнаж, гол горхиндоо янз бүрийн бохир зүйл оруулахыг хатуу цээрэлдэг байсан нь өдгөө хотжилтыг даган аажмаар алдарч байгаа нь туйлын харамсалтай. Усыг цоргоноос хэзээ ч дуусахгүй мэт хайр гамгүй урсгаж, 00-ын ус татагчиндаа цэвэр ус ашиглаж, шүдээ угаахдаа л гэхэд 20-30 литр ус хэрэглэдэг зэрэг нь орон сууцанд амьдардаг ихэнх иргэдийн өдөр тутмынх дүр зураг. Усны хэрэглээний талаар явуулсан судалгаанаас үзэхэд орон сууцанд оршин суугчдын хоногийн дундаж усны хэрэглээ 230-350 литр байдаг бол гэр хороололд оршин суугчид болон малчдынх дунджаар 5-15 литр байдаг байна. Үүнээс орон сууцанд амьдардаг иргэд усанд ямар үрэлгэн ханддагийг тодхон харж болно. Хэрэв энэ чигээрээ усны хэрэглээгээ танахгүй явсаар байвал 2020 он гэхэд бид усны хомсдолд бүрэн орж, хот газарт оршин суух ямар ч нөхцөл үгүй болно гэсэн судлаачдын тооцоолол бий. Усны хэрэглээгээ багасгаж, зөв зохистой хэрэглэхээс гадна байгалийн баялагийн олборлолтоос болж бохирдсон гол усыг нөхөн сэргээх нь нэн чухал асуудал юм. Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг урд хөршөөсөө импортлон авдаг. Тэгвэл хэрэглээний усаа ч мөн аль нэг улсаас импортлон авдаг болох цаг удахгүй ирэх нь бололтой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд наад зах нь орон сууцны айлуудыг усны нэгдсэн тоолууртай болгож, хэрэглээгээ танах нөхцлийг нь хангаж өгөх, мөн нийт иргэдийн дунд усны хомсдлын аюулын талаар сайтар ухуулан таниулах хэрэгтэй байна. Цаашлаад байгалийн баялгийн олборлолт, үйлдвэрлэлийн үед хэрэглэх усны хэрэглээний талаарх хууль, дүрмийг илүү чанд сахиулах, хэрэгжилтийг нь бүрэн хангах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Төр засгийн удирдагууд эдгээр арга хэмжээнүүдийг хэлж ярьж, товлохоос илүү үйлдлээр түргэвчлэн хэрэгжүүлэх шаардлага тулгараад байна.
М.Болорчимэг

Сэтгэгдэл ( 1 )
yag unen ter songyyli yyl yyrxainaas chin iluu une tsenetei ziulee bid ymartaj bna daa